“Тархмал хатуурал өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-31 17:10:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын 30-нд тохиодог “Тархмал хатуурал өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг “Хамтын харилцаа” уриан дор зохион байгууллаа.


Тус уриа нь эмнэлгийн мэргэжилтнүүд, нийгмийн тусламж үзүүлэгч байгууллагууд бүгд хамтран бат бөх, эерэг хамтын харилцаа үүсгэх нь тархмал хатууралттай өвчтөнд тулгардаг бэрхшээлүүдийг даван туулах гол гарц гэсэн утгатай. Учир нь тархмал хатуурал нь хүнд зэргийн хөдөлмөрийн чадвар алдалт үүсгэдэг, эдгэрэл үгүй мэдрэлийн архаг эмгэг ба тус эмгэгтэй өвчтөнүүд нийгмээс тусгаарлагдаж, оновчтой эмнэлгийн тусламж үйлчилгээнээс хоцрогдох нь түгээмэл байдаг. Энэ өдрийн хүрээнд УГТЭ Мэдрэлийн мэс заслын төвөөс тархмал хатуурал өвчний талаар өдөрлөг зохион байгууллаа.


УГТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн их эмч, анагаах ухааны магистр Т.Мандах тархмал хатуурал өвчний талаар мэдээлэл хүргэсэн юм.


Тархмал хатуурал гэж ямар өвчин бэ? 

Тархмал хатуурал нь төв мэдрэлийн тогтолцоог бүрдүүлдэг тархи, нугасыг гэмтээдэг архаг өвчин. Энэ эмгэгийн үед хүний биед халдвараас сэргийлдэг дархлааны тогтолцоо өрнөж тархи нугасны мэдрэлийн эсийн миелин бүрхүүлийг гэмтээдэг. Үүний улмаас үрэвсэлт голомтууд үүсэж нүдний хараа, гар, хөлийн хөдөлгөөн, мэдрэхүйн өөрчлөлт, тэнцвэр алдагдах зэрэг олон төрлийн хувирамтгай шинж тэмдэг илэрдэг өвчин юм. Тархмал хатуурал нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг насан туршийн эмгэг боловч заримдаа хөнгөн хэлбэрээр тохиолдоно, идэр залуу насныхны хөгжлийн бэрхшээлтэй болгох түгээмэл шалтгаануудын нэг болдог.


Тархмал хатуурлаар хэн илүү өвддөг вэ?

Энэ өвчин ихэвчлэн 20-30 насны хүмүүст оношлогддог боловч аль ч насанд илрэх эрсдэлтэй ба эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 2-3 дахин их тохиолддог. Судалгаанаас харахад генетикийн хүчин зүйлүүд нь тархмал хатуурал өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг боловч шууд удамшдаг гэсэн нотолгоо байхгүй байна. Д аминдэм дутагдал, тамхидалт зэрэг хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд нь уг өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. 


Илрэх үндсэн шинж тэмдгүүд юу вэ?

Тархмал хатуурал өвчний шинж тэмдгүүд нь урьдчилан таамаглах аргагүй. Хүн бүрд илрэх шинжүүд, хүндийн зэрэг нь харилцан адилгүй байдаг. Шинж тэмдгүүд бүрэн арилах, намжмал үед шилжих эсвэл удаан үргэлжилж, улам бүр дордож болдог. Өвчний эхлэл тодорхой бус, ихэвчлэн нэг шинж тэмдгээр буюу ганц хоёр шинж тэмдгийн хослолоор илэрнэ. Үүнд: 

 - Ядарч сульдах 

- Сэтгэл гутралд орох

- Зан араншин өөрчлөгдөх 

- Хараа муудах 

- Хэл тультрах 

- Суулгах эсвэл түгжрэл болох

- Шээсээ барьж чадахгүй болох 

- Тэнцвэр алдагдах 

- Гар, хөл саажих 

- Сэтгэцэд өөрчлөлт орох


 Тархмал хатуурал өвчнийг оношлоход яагаад хэцүү байдаг вэ?

 Тархмал хатуурал өвчний оношилгоо нь нарийн төвөгтэй эмчээс туршлага шаардсан үйл явц байдаг. Өвчний эхэн үед шинж тэмдгүүд өвөрмөц бус байж болох бөгөөд мэдрэлийн системийн зарим эмгэгүүдтэй төстэй илэрдэг. Эрт үеийн шинж тэмдгүүд илрээд арилсан үед анзаарахгүй өнгөрөх тохиолдол байдаг. Тархмал хатуурлыг нотлох эсвэл үгүйсгэх лабораторийн шинжилгээ хараахан гараагүй байгаа ч соронзон резонанст томографи (СРТ) нь оношийг тодруулахад чухал ач холбогдолтой. СРТ-ийн үр дүн, нугасны усны шингэний шинжилгээг багтаасан оношлогооны шалгуурын дагуу мэргэшсэн мэдрэлийн эмч нар оношийг тавьдаг.


 Тархмал хатуурал өвчнийг эмчлэх боломжтой юу?

 Хараахан төгс эмчилгээний арга гараагүй хэдий ч төв мэдрэлийн тогтолцоонд дахин шинээр гэмтэл учруулах хэсгийг хязгаарлаж, дахилтын тоог бууруулах, хөгжлийн бэрхшээлд хүргэх явцыг удаашруулдаг болох нь батлагдсан эмийн эмчилгээний аргууд гарсаар байна. Нэмж хэлэхэд эмчилгээний болон технологийн олон дэвшил нь шинж тэмдгийн эмчилгээг улам бүр сайжруулан хөгжүүлж байгаа.

 

Холбоотой мэдээ