Л.Лхамсүрэн: Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах ажилд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-05-30 16:34:18

Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа, иргэд сонгогчдод хориглосон ямар журам байгаа, энэ жилийн сонгуулийн онцлогийг талаарх тодруулгыг аймгийн Сонгуулийн хорооны дарга Л.Лхамсүрэнгээс авлаа.


-Аймгийн хэмжээнд нийт хэчнээн сонгуулийн хороо ажиллаж байна. Тэдгээрт хэдэн төрийн албан хаагч ажиллаж байна вэ?

-Аймгийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор байгуулна гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд заасан байдаг. Энэ хүрээнд 9 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн Сонгуулийн хороог байгуулан, хуульд заасан чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин Завхан аймгийн хэмжээнд 24 сумын сонгуулийн хороонд 120 төрийн албан хаагч 109 хэсгийн хороонд 763 албан хаагч ажиллаж байна. Мөн мэдээлэл технологийн 133 ажилтан, даамал тав, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 109, нийтдээ 1139 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллана.

Түүнчлэн Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд гээд 1800-аад төрийн албан хаагч сонгууль зохион байгуулах хариуцлагатай ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулна.

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог юу байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль өмнөх сонгуулиас хэд хэдэн онцлогтой. Тухайлбал бүх санал авах байрууд 100 хувь санал хураалт дууссаны дараа хар машинаас гарсан саналын хуудсыг 100 хувь гараар тоолно. Өмнө нь 50 хувь тоолдог байсан. Бүх санал авах хэсгийн хороодод хяналтын камер байршуулна. Санал өгсний дараа сонгогчдын баруун гарын долоовор хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Гадаадад байгаа сонгогчдоос санал авна. Мөн нэр дэвшигчийн сурталчилгаа хийх хугацаа 15 хоног байна. Богинохон гэсэн үг. Саналын хуудаст нэр дэвшигчийн зураг байна. Ковидын нөхцөл байдал хүндхэн үед зохион байгуулж байгаа нь мөн онцлог юм.

-Иргэдийн саналын нууцлалыг хэрхэн хангаж ажиллах вэ?

-Иргэд, сонгогчид Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр 2021 оны 06 дугаар сарын 09-нд Улаанбаатарын цагаар 07:00 - 22:00 цаг хүртэл харьяалах хэсгийн хороо буюу санал авах байранд хүрэлцэн ирж саналаа өгнө.

Мөн саналаа өгөх гэж очихдоо иргэний үнэмлэхтэйгээ ирэх бөгөөд санал авах бүхээгт саналын хуудаст бичигдсэн зааврыг анхааралтай уншиж, саналаа нууцаар тэмдэглэнэ. Саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалтын хавтас хэрэглэн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийнэ. Саналаа өгсний дараа санал авах байрны гарах хэсэгт сонгогчийг санал өгснийг баталгаажуулж бэхэн тэмдэглэгээ хийнэ.

-Сонгогчдод анхаарах, хориглох асуудлууд бий юу?

-Сонгогчдод анхаарах, хориглох асуудлуудыг хуульд зааж өгсөн байдаг. Тухайлбал тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох. Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох санал авах байрнаас саналын хуудас авч гарахыг хориглодог. Мөн саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргахыг хориглоно. Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх. Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө эд зүйл шаардах, өгөх гэх мэт зүйлүүдийг хуулиар хориглосон. Энэ тохиолдолд иргэнийг зөрчлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд 10 сая төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авахаар хуульчилсан байна.

-Коронавирусний халдвараас сэргийлэх, эрсдэлтэй үед Сонгуулийн үйл ажиллагааг ямар журмаар зохион байгуулах вэ?

-Гамшгаас хамгаалах тухай хууль, коронавирусний халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх нийгэм, эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх “Түр журам”, Засгийн газрын 152 дугаар тогтоол 2021 оны 05 дугаар сарын 19-нд батлагдсан. Мөн үүнийг хэрэгжүүлэх сонгуулийн ерөнхий хорооны 1/251 албан даалгавар гарсан. Эдгээр эрх зүйн актыг хэрэгжүүлэх, зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих ажлын хэсгийг аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Цэгмидээр ахлуулан бүрэлдэхүүнд нь аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төвөөс дарга мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Засгийн газрын 2021 оны 152-р тогтоолоор Нэр дэвшигчтэй холбоотой ухуулга сурталчилгааны байр, уулзалт цуглаанд иргэдийг халдвар хамгааллын дэглэм бариулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг нэр дэвшигчийн менежер, шадар туслагч бүрэн хариуцахаар тусгагдсан байгаа.

Мөн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үед халдвараас сэргийлэх, санал авах байранд сонгогчийг халдвараас сэргийлэх үйл ажиллагааг энэ тогтоолд тус тус нарийвчлан зааж өгсөн байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль түүнийг даган гарсан тогтоол, тушаал журмыг хэрэгжүүлэх чиглэлээр бүх сумын сонгуулийн хороо, хэсгийн хороо гишүүдэд цахим болон танхимаар сургалтыг удаа дараа зохион байгуулсан бөгөөд цаг тухай бүрт нь арга зүйн зөвлөгөө удирдлагаар ханган ажиллаж байна.

-Сонгогч өөрийн биеэр санал авах байранд очиж, санал өгөх боломжгүй тохиолдолд саналаа хэрхэн өгөх вэ?

-Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахдаа коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон тусгаарлагдсан сонгогчдын судалгаа, тусгаарлах байр, эмнэлгийн тоог нарийвчлан гаргаж, харьяалах хэсгийн хороод эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09:00-20:00 цагийн хооронд саналыг авна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар ямар иргэд санал өгөх вэ гэхээр эрүүл мэндийн улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй иргэн. Мөн дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэн, зөрчлийн улмаас баривчлагдсан иргэн саналаа өгнө.

Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч. Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги салбарт алба хааж байгаа сонгогч. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө.

"Ковид-19" цар тахалтай холбоотой тусгаарлах байр, эмнэлэгт тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа Эрүүл мэнд, Цагдаа, Онцгой байдлын албан хаагч нар мөн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө. Гэхдээ гэрээр тусгаарлагдан, ажиглалтад байгаа сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаж, холбогдох материалыг бүрдүүлсэн тохиолдолд сумын Сонгуулийн хороо, хэсгийн хороод энэ ажлыг зохион байгуулна. Эцэст нь хэлэхэд иргэд сонгогчид маань үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэн Сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Танд баярлалаа.

Холбоотой мэдээ