УОК-ын Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-27 18:57:37

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын туслах П.Оюунчимгээр ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна. 

Тус ажлын баг коронавирусний халдварын тархалттай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, Засгийн газар, УОК-ын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор орон нутгийн зарим мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Энэ үеэр Ховд аймгийн Онцгой комиссоос сүүлийн үед зохион байгуулсан зарим ажлын тайлан мэдээллийг танилцуулж, хэд хэдэн санал хүсэлт уламжиллаа. 

Үүний дараа ажлын багийнхан Зоонозын өвчин судлалын төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, дархлаажуулалтын цэг, бусад мэргэжлийн байгууллагын  үйл ажиллагаатай танилцаж, зөрчил дутагдлыг газар дээр нь арилгах чиглэл өгөв.

Коронавирусний халдварын тархалтын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа тухай цаг үеийн мэдээллийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Анагаах ухааны докторант Н.Баясгалмаа танилцууллаа.

Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнуудын зүгээс ариутгал, угаалгын ажил хийх зориулалтын байр, эмчилгээнд шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч (4), отсос (2), хяналтын монитор (4), тариурын автомат шахуурга (4), автомат автомакс гэх мэт тоног төхөөрөмжийг тус тус шийдвэрлэж өгөхийг хүслээ. Ийнхүү орон нутгаас гаргасан зарим саналыг УОК-т уламжлахаа ажлын багийнхан илэрхийлсэн юм.

Энэ сарын 26-ны өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдвараас сэргийлэх вакцины эхний тунд 42365, хоёр дахь тунд 9922 нийт 52287 иргэн хамрагджээ.  

Холбоотой мэдээ