Булган суманд сүүлийн 24 цагт халдварын 10 тохиолдол нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын
шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний
халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн 16.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт халдварын 10 тохиолдол Булган суманд нэмэгдсэн байна. Ингэснээр
сүүлийн гурав хоногт аймгийн төвд халдвар авсан 42 иргэн бүртгэгдлээ.
Аймгийн хэмжээнд нийт 147 тохиолдол
бүртгэгдснээс Булган суманд 51, Сэлэнгэд 48, Хутаг-Өндөрт 27, Орхонд долоо, Тэшигт зургаа, Бүрэгхангайд тав, Бугат, Баян-Агт,
Могод суманд тус бүр нэг батлагдсан байна. Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Орхон, Бугат,
Баян-Агт сум ногоон бүс рүү шилжжээ. Эмчлүүлж байгаа 42 иргэнээс маш хүнд нэг,
хүнд хоёр, хүндэвтэр 16, хөнгөн 22 байна. Булган суманд хоёр иргэн нас барсан харамсалтай
тохиолдол гарлаа.
- Булган суманд гарсан нийт халдварын 28 нь буюу 55,0
хувь гэр бүлийн хүрээнд гарсан. Нэг бүлийн найман хүн халдвар авсан тохиолдол
гарлаа. Булган сумын 3-р багт 20, 5-р багт 11 тохиолдол гарсан тархалтын түвшин
өндөр байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн халдвартай
байсан. Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс тасаг хооронд холхидог,
эргэлт оруулдаг, хүнсний зүйл дамжуулдаг байсан. Халдварын тохиолдол дахиад
илэрнэ. Ард иргэд өөрсдөө өөрсдийгөө хамгаалах цаг ирсэн. Иргэдийн дархлаажуулалтад
хамрагдалт хангалтгүй байна. Халдвар авсан иргэд харьцагчаа бүрэн хэлэхгүй
байна. Иргэд эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай баймаар байна гэж гэж аймгийн
Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа хэллээ.