Олборлох салбарын ил тод байдлын талаар бүсийн хэмжээнд хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-25 11:02:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүс нутагт хариуцлагатай, ил тод уул уурхайн талаар нэгдсэн ойлголттой болох цаг ирснийг "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга" байгууллагаас мэдээлж байна. Энэ үйл ажиллагаа төвийн бүсээс эхлэх гэж байна. Тодруулбал, олборлох салбарын талаар орон нутгийн иргэд, иргэний нийгэм, нутгийн захиргааны байгууллагын өмнө тулгамдаж буй байдлыг сонсох үүднээс "Төвийн бүсийн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал-IV" цахим чуулганыг УУХҮЯ, АМГТГ, Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК), Нээлттэй нийгэм форум, иргэний нийгмийн "Төлсөн авснаа нийтэл" ТАН эвсэл зэрэг олон улсын болон дотоодын төрийн болон ТББ-уудаас энэ сарын 27-28-нд зохион байгуулах талаар мэдээллээ.  



Чуулганаар уул уурхайн талаар орон нутгийн иргэд, иргэний нийгэм, нутгийн захиргааны байгууллагын санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэр гаргагчдад хүргэх, олборлох салбар дахь төр, ААН компани, иргэний нийгмийн 3 талт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, сайн туршлагыг хэрэгжүүлэх аж. Энэ хүрээнд тусгай зөвшөөрлийн олголт ба орон нутгийн оролцоо, талуудын хамтын ажиллагааг орон нутгийн хөгжилд чиглүүлэх талаар оролцогч талуудын хийж буй ажил, санал бодол, туршлагыг солилцоно. Төвийн бүсийн энэ удаагийн чуулганд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга" байгууллагын дэд зөвлөлүүдийн төлөөлөл оролцох аж.




Олборлох салбарын ил тод байдал гэдэг нь эрдэс баялаг, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, мөнгөө ил тод, нээлттэй байлгах, төр, засаг, орон нутгийн засаг захиргаа авснаа мөн ил тод мэдээлж тайлагнах үүргийг тус тус хүлээдэг зарчим юм.  

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөлийг УУХҮ-ийн сайд тэргүүлж, тус зөвлөл жил бүр хуралдаж, олборлох үйлдвэрлэлийн нэгтгэсэн тайланг гарган баталдаг. Тэр хүртэл ОҮИТБС-ын ажлын алба байнгын ажиллагаатай ажилладаг юм.  


Холбоотой мэдээ