Иргэд хувьцааны мөнгөө авахаар банкуудад урт дараалал үүсгэжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2016-06-21 15:52:03

Сүхбаатар аймгийн төвд Хаан, Хас, Голомт, Капитал, Төрийн гэсэн таван банк үйлчилгээ үзүүлдэг. Бүх банкууд хувьцаа худалдах хүсэлт авч, өчигдрөөс хүсэлт гаргасан иргэдийн холбогдох дансанд нь орж эхэлсэн. Мөнгө буусны сургаар банкуудын ачаалал эрс нэмэгдэж банкуудын гадна, доторгүй урт дараалал үүсчээ.

Ялангуяа Хаан болон Төрийн банкууд илүү их ачаалалтай байна. 2016 оны 6 сарын 20-ны байдлаар Хаан банкинд хувьцаагаа худалдахаар 14 мянга гаруй иргэн хүсэлт гаргажээ. Мөнгө дансанд байршсан тохиолдолд иргэн ямар ч хэлбэрээр мөнгөө авч болно. Хаан банкны хувьд ямар ч шимтгэл авахгүй байгаа гэдгийг Сүхбаатар Хаан банкны зээлийн багц хариуцсан менежер Х.Алтантуяа хэллээ.

Зарим банкууд 2000, бүр 10,000 төгрөгийн шимтгэл авч байна гэдэг яриа иргэдийн дунд гарсан. Энэ талаар тодруулахад Капитал банк дансны доод үлдэгдэл 10,000 байх ёстой хэмээн 10,000 төгрөг хасаж иргэдийн гар дээр 90,000 төгрөг олгож байгаа гэлээ. Уг нь иргэдийн энэ мөнгөнөөс ямар ч суутгал шимтгэл авах ёсгүй, харилцагч банкууд гүйлгээний хураамж 200-300 төгрөг л авах ёстой юм байна.

 

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ