Төмөр замын ачаа тээвэр 13.8 хувиар нэмэгджээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-19 14:51:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замаар энэ оны эхний 4 сард 10.8 сая тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (13.8 хувь) сая тонноор нэмэгджээ. 


Үүнд төмөр замаар дотоодод тээсэн ачаа нэг (30 хувь) сая тонн, импортын ачаа 249 (28.5 хувь) мянган тонноор өссөн нь нөлөөлөв. Харин төмөр замаар тээсэн ачаа 4 дүгээр сард 2.7 сая тонн болж, өмнөх сарынхаас 283.7 (9.6 хувь) мянган тонноор багаслаа. 


Төмөр замаар энэ оны эхний 4 сард тээсэн нийт ачаанд уул уурхайн бүтээгдэхүүн 83.3, барилгын материал 11.5, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 1.1, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нэг, хар төмөр 0.7, мод модон материал 0.3 болон бусад бүтээгдэхүүн 2.2 хувийг эзэлжээ.


Төмөр замаар дээрх хугацаанд цар тахлын халдвараас үүдэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдон зорчигч тээвэрлээгүй аж. Төмөр замын тээврийн орлого мөн хугацаанд 257.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.9 (9.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Ийнхүү нэмэгдэхэд уул уурхайн бүтээгдэхүүн тухайлбал, нүүрс, жонш, жоншны баяжмал болон барилгын материалын тээвэрлэлт, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Харин төмөр замын тээврийн орлого энэ оны 4 дүгээр сард 65.8 тэрбум болж, өмнөх сарынхаас 4.4 (6.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. 

Холбоотой мэдээ