УИХ-ын гишүүн Т.Аубакир 14 дүгээр цэцэрлэгт хүлэмж гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-18 17:07:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Т.Аубакир Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгт хүнсний ногоо тарих зориулалт бүхий хүлэмж гардууллаа.

Тэрээр тус ажлыг, "Хүүхэд байхдаа сурсан зүйл насан туршийн мэдлэг, дурсамж болон үлддэг. Байгаль орчноо хайрлах, нутгийнхаа хөрсөнд хүнсний ногоо тариалж хэрэглэх бүрэн боломжтойг бяцхан үрсдээ ойлгуулах зорилготой" хэмээн тайлбарлав. Мөн тус хүлэмжид улаан лоолийн анхны үрсэлгээг суулгалаа.

Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн хамт олон өнгөрсөн жилээс хашаандаа төмс, сонгино тарьж эхэлжээ. Хүүхдүүдээ тариалалт, хураалтад оролцуулж, өөрсдийн тариалсан эрүүл хүнсний ногоогоор хүүхдүүдийн хоолыг бэлтгэдэг байна. Ийнхүү хүлэмжтэй болсноор цэцэрлэгийн хүүхдүүд бодит амьдралд хүнсний нарийн ногоо тарьж ургуулахад суралцах, ирэх намраас хүлэмждээ тарьсан хүнсний нарийн ногоог хоол хүнсэнд хэрэглэх боломжтой боллоо.

Холбоотой мэдээ