А.Амбасэлмаа: Халдварын тархалтыг буурсан гэж тайвшрах цаг болоогүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-18 12:10:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад “Ковид-19” цар тахал нийт хүн амын дунд өргөн тархсан үзүүлэлттэй байна гэдгийг ЭМЯ-ны зөвлөх А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 

Тэрбээр, “Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, цар тахал бүртгэдсэнэээс хойш нийт батлагдсан тохиолдол 50 мянга орчим болж байна. Монголын хүн амын талаас илүү хувь амьдардаг Улаанбаатар хотод халдвар тархаад байна. Өнөөдрийн байдлаар, эмнэлэгт хэвтсэн нийт 3670 тохиолдлын 3355  нь нийслэлд, 515 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. . Эмчлүүлж буй хүмүүсийн 51-55 хувь нь хүндэвтэрээс нэн хүнд оноштой байна. Энэ бол цар тахлын тархалт хүн амын дунд өргөн тархсаны илрэл юм. Улаанбаатар хотод 51.5-аас дээш хувь нь хүнд, 3 хувь нь нэн хүнд байна. Тиймээс Монгол Улс халдварын нөхцөл байдлыг даван туулахын төлөө хариу арга хэмжээ авсаар ирсэн” гэв.


Мөн тэрбээр, “Вакцины нэгдүгээр тунг хийлгэсний дараа дархлаатай боллоо гээд иргэд андуураад байна. Нэгдүгээр тунгаас хоёр дахь тун хүртэлх хугацаанд халдварын дэглэмийг маш сайн барих хэрэгтэй. Вакцины бүрэн тунг хийлгэсний дараа 14-21 хоногт дархлаа тогтоно. Дархлаа тогтоогүй үедээ халдвар авах өндөр эрсдэлтэй. Вакцин хийлгэснээрээ халдвараас сэргийлэхээс гадна хүндрэл, нас баралтаас сэргийлдэг ач холбогдолтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн халдварын тархалтыг буурсан гэж ойлгож, тайвшрах цаг болоогүй. Өнөөдөр лабораториор батлагдсан тохиолдлын тоо буурч байгаа. Харин шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгсдийн тоо буураагүй. Дахин өвчлөх эрсдэлтэй хүмүүсийн тоо буураагүй. Хүн бүр өвдөх эрсдэлтэй. Тодорхой хугацаанд хөл хориод байж байгаад нийт хамт олон, массын дунд ороход халдварт өртөх эрсдэл өндөр байна” хэмээв.


Түүнчлэн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа хүмүүс биеэ маш сайн хянах хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн дийлэнх нь хүндрээд хандаж байна. Тиймээс хөнгөн хэлбэрээр өвдсөн болон тэдний хавьтал болсон иргэд бусдад халдвар тараах учир халдвар хамгааллын дэглэмийг маш сайн барих хэрэгтэй гэдгийг дурдаад дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Холбоотой мэдээ