227619 толгой мал хорогджээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-05-17 21:03:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын байдлаар нийт малын 6.1 хувь буюу 227619 толгой мал хорогджээ.

2020 оны эцсийн мал тооллогын дүнгээр тус аймаг 3.7 сая толгой мал тоолуулсан ба аймгийн хэмжээнд хаваржилт хүндэрсний улмаас малын зүй бус хорогдол гарсаар байна. 

Өнгөрсөн онд найман суманд нийт 3416 том малын хорогдол гарч байсан бол энэ жил бүх суманд малын хорогдол гарч байгаа ба хорогдсон том малын 41.1 хувийг хээлтэгч мал эзэлж байгаа аж.

Дөрөвдүгээр сарын байдлаар оны эхэнд тоологдсон төллөвөл зохих хээлтэгч малын 36.9 хувь буюу 616.7 мянган хээлтэгч мал төллөж, гарсан төл 71.2 хувьтай бойжиж байна.

Өнгөрсөн зун тус аймгийн хэмжээнд зуншлага муу байсан тул малын бэлчээрийн хомсдол үүсч, нийт малчдын 30 гаруй хувь нь өөр аймгийн нутагт өвөлжиж, хаваржиж байгаа. Харин аймгийнхаа нутагт өвөлжсөн малчид өвлийг хохирол багатай давсан хэдий ч хавар хатуухан сорилттой тулгарч, хоёр ч удаа байгалийн онц аюултай үзэгдэл болсон.

Тиймээс тус аймгийн хэмжээнд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төллөсөн хээлтэгчийн тоо 12.8 хувь, төл бойжилт 28.1 хувиар тус тус буурчээ.

Холбоотой мэдээ