Нийт нутгаар хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах эрсдэл өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-13 11:24:47

Ховд /МОНЦАМЭ/. Тавдугаар сар эхэлснээр Ховд аймгийн нийт нутгийн 80 орчим хувийг хамарсан 35.7 мм хур тунадас оржээ.

Үүнээс Дуут (9.7 мм), Мөст (5.6 мм), Чандмань (3.9 мм) суманд хамгийн их хур тунадас орсон. Харин Булган, Үенч сумын нутгаар тунадас ороогүй гэх судалгаа гарчээ.

Өнгөрсөн арав хоногийн хугацаанд нийт нутгаар салхи шуургатай байлаа.

Тодруулбал, салхины их хурд Жаргалант, Зэрэг, Ховд суманд 26 м/с хүрсэн. Мөн Манхан, Чандмань, Мөнххайрхан, Мөстөд 24 м/с, Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Дуут, Цэцэг, Булган суманд 18-21 метр хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан. Харин бусад сумын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч, зөөлөн явган шуургатай байв.

Одоогийн байдлаар нийт сумын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байдалтай байна.

Ургамлын дундаж өндөр 1-3 см, ургалтын байдал ихэнх нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна.

Сүүлийн үед хөрсний чийг бага, халуун хуурай салхитай олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтад таатай бус нөлөө үзүүллээ. Одоогоор бэлчээрийн ургамлын ургалт удааширалтай байгаа бөгөөд Жаргалант, Манхан, Мөнххайрхан, Цэцэг сумын нутгаар ургамал цухуйгаагүй гэх мэдээлэл байна. 

Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 18-39 хувь, хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах эрсдэл их байна. Иймээс иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой, сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа

Холбоотой мэдээ