Ж.Сайханцэцэг: Судлагдахуун бүрээр хичээлийн хоцрогдлыг арилгах зураглал гаргасан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-05-12 21:11:23

Увс /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтад орох сурагчдыг цахим хичээлээр дамжуулан бэлтгэж байна. Цахим хичээлийн үр дүн, зохион байгуулалтын талаар БСУГ-ын Мэдээллийн технологи, ЭЕШ хариуцсан мэргэжилтэн Ж.Сайханцэцэгтэй ярилцлаа.


-Төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д хэрхэн бэлтгэж байна вэ?

-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 1124 сурагч бий. Эдгээр сурагчдыг шалгалт өгөх 10 судлагдахуун бүрд цахим хичээлийг зохион байгуулж байна. Зургаан долоо хоногийн туршид, нэг удаагийн цахим хичээлийг 80-120 минут байхаар төлөвлөсөн. Энэ хүрээнд хөтөлбөр гарган 15 сургуулийн 76 шилдэг багш цахим хичээл зааж байна.

Танхимын хичээл орж эхэлсэнтэй холбоотой сурагчдад ачаалал үүсгэхгүйн тулд цахим хичээлийг түр хугацаанд зогсоосон. 6-р сарын 2-ноос үргэлжлэн явуулна. Цар тахалтай холбоотой нэг жил орчмын танхимын сургалт тасалдаж, сурагчдын эзэмших мэдлэг, чадварын хоцрогдол үүссэн. Иймээс СӨБ-ын хүүхэд, ЕБС-ийн 1-11 дүгээр ангид судлагдахуун бүрээр хоцрогдлыг арилгах зураглал гаргасан. 12 дугаар ангийн төгсөгчдийн хувьд ЭЕШ-д үр дүнтэй бэлтгэж, шалгалтаа амжилттай өгөх, хүссэн сургуульдаа суралцах боломжийг бүрдүүлэхээс гадна багш нарыг ажлын байранд нь хөгжүүлэх, харилцан туршлага судлуулах, ЭЕШ-ын аймгийн амжилтыг өмнөх оноос ахиулах зорилгын хүрээнд аймгийн хэмжээнд TEAMS программ ашиглан цахим хичээлийг зохион байгуулж байна. Бүх сурагчийг датагаар хангахад аймгийн ИТХ-аас дэмжлэг үзүүлсэн.

-Онлайн хичээлийн үр дүн, онцлог юу вэ?

-Цахим хичээлийн зохион байгуулалтын онцлог гэвэл сорил, хичээл заалт, сорил үнэлгээ, зөвлөмж, давтлага гэсэн эргэх холбоотойгоор, бодит асуулгын дүнд үнэлгээ хийх, үр дүнг тооцох байдлаар хийдэг. Хүүхдэд ойлгомжтой байлгах үүднээс танхимын сургалтын адил самбарт бодох, бичих, тайлбарлах үйлийг РРТ-тэй хослуулах байдлаар зохион байгуулж байна. Цахим хичээл үргэлжлэх хугацаанд сурагчид багштайгаа харилцаа үүсгэх, ойлгомжгүй зүйлийг асуух, нэмэлт тайлбар авах боломж бүрдсэн. Шаардлагатай тохиолдолд TEAMS-т бичлэг хийж хадгалдаг нь хичээлээ нөхөх боломжийг бүрдүүлдэг. Мөн цахим хичээлд 12 дугаар ангид хичээл зааж буй 192 багшийг хамруулж, багш нарын хамтын ажиллагааг дэмжих боломжийг хангаж байна.

-Сурагчдын сурлага болон ЭЕШ-ын амжилтад голлон нөлөөлдөг хүчин зүйл юу вэ?

-Цахим хичээлийг үр дүнтэй зохион байгуулах, сурагчдыг ЭЕШ-д амжилт гаргахад анхаарч ажиллаж байгаа. Ер нь ЭЕШ-ын амжилтад тухайн хүүхдийн хичээл зүтгэлээс гадна олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал багш нарын хичээлийн зохион байгуулалт, чанар, эцэг эхийн зүгээс хүүхдээ дэмжих, цахим хичээлд бүрэн хамруулах байдал, цахим хичээл зааж буй багш нарын бэлтгэл, сорил 1, 2-ын үнэлгээнд суурилсан эргэх холбоо, тухайн сургуулийн удирдлага багш нарын төлөвлөлт, сурагчдын мэргэжил сонголтын шийдвэр, түүнтэй холбоотойгоор хичээлээ сонгож, үр дүнтэй хичээллэж буй байдал нөлөөтэй байгааг анхаарах шаардлагатай байна.

-Эцэг эхчүүд юунд анхаарах вэ?

-Эцэг эхчүүд болон анги удирдсан багш нар сурагчдыг цахим хичээлд бүрэн хамруулах хэрэгтэй. Учир нь хичээлийн явцад багшаас асуух, тодруулах боломжтой бөгөөд нөхөж үзсэн тохиолдолд багшаас асуух, ойлгомжгүй зүйлээ тодруулах боломжгүй юм. БСУГ-аас цахим хичээлд хамрагдалтын ирц, хувийг байнга бүртгэж, үр дүнг тооцож байгаа. Мөн БСУГ-аас элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг 10 судлагдахуунаар 3 удаагийн нэгдсэн сорилыг цахимаар авч, зөвлөгөө өгч ажиллахаар төлөвлөөд байна.

Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ