Төмөр замчид вакцины эхний тундаа энэ сарын 15-ны дотор бүрэн хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
oyundelger@montsame.gov.mn
2021-05-10 11:55:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархлаажуулалтын явуулын баг нь УБТЗ-ын 10 тулгуур өртөө, 70 шахам өртөө зөрлөгийн төмөр замчдыг вакцинжуулж байна.


Одоогоор УБТЗ-ын 14348 төмөр замчин буюу нийт төмөр замчдын 88,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна. Нийт төмөр замчид энэ сарын 15-ны дотор вакцины эхний тундаа бүрэн хамрагдаж дуусна.


Төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн байдлыг хангахын тулд коронавирусний халдвараас  урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН төвийн хэсгийн болон шугам замд ажиллаж байгаа төмөр замчдыг вакцинд эрчимтэй хамруулж байгаа.


Шугам зам дагуух өртөө, зөрлөг, зангилаадын төмөр замчдыг вакцинд бүрэн хамруулахын тулд хойд болон урд чиглэл тус бүрд /Сүхбаатар-Улаанбаатар, Замын-Үүд-Улаанбаатар/ дархлаажуулалтын тусгай галт тэрэг бүхий явуулын баг зэрэг ажиллаж байна. Гуч гаруй хүний бүрэлдэхүүнтэй дархлаажуулалтын багт эмч, сувилагч,галт тэрэгний үйлчлэгч, эрүүл ахуйн хяналтын байцаагч, цагдаа, цахилгаанчин багтжээ.


Манай улсад цар тахлын халдвар гарсан цагаас экспорт, импорт, орон нутгийн ачаа тээвэр үндсэндээ төмөр замаар тээвэрлэгдэж байгаа. Төмөр замчид улс орон, ард иргэдийн хэрэгцээт ачаа барааг тасалдалгүй шуурхай тээвэрлэхийн төлөө цар тахлын аюулыг сөрөн 24 цагаар ажиллаж байна.

 


Холбоотой мэдээ