Чандмань-Өндөр суманд баавгай мал руу дайрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-07 13:54:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд баавгай бэлчээрт яваа үхэр лүү дайрсан байна. Энэ үед малчин зугтааж амжсан бөгөөд үхрээс нь 2 бяруу олдохгүй байгаа гэнэ.  

Сүүлийн өдрүүдэд тус аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын нутагт баавгай явж байгаатай нутгийн иргэд таарсан байна. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад өнгөрсөн жил жимс ургаагүй тул хорхойтсон баавгай явсан ул мөр олдсон байна. Идэш тэжээл хомс байсантай холбогдуулан баавгай ичээнээс гарч суурьшлын бүс рүү орж хүн, мал руу дайрах магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг  Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас анхааруулж байна.

Баавгай тайгад амьдардаг, ил гарч хүн, амьтанд харагдах нь ховор байдаг. Гэвч дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг аж. Самар, жимс ховор ургасан үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Улаан шоргоолжинд алдегид хэмээх спирт байдаг бөгөөд түүнд согтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж. Ийнхүү согтсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж амьтан, хүнд халдах тохиолдол хүртэл гарч байжээ.

Холбоотой мэдээ