“Pfizer”-ийн вакцин 95 хувийн үр дүн үзүүлж буйг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-05-06 17:21:27

ЙЕРУСАЛИМ. /The Guardian/. Pfizer/BioNTech” компанийн вакцины хоёр тун “COVID-19”-өөр халдварлах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлээс 95 гаруй хувиар хамгаалж буйг дэлхийн улс орнуудаас хүн амынхаа хамгийн их хувийг вакцинжуулаад буй Израилын судлаачид тогтоожээ.


The Lancet” анагаах ухааны сэтгүүлд нийтэлсэн энэхүү судалгаанд дурдсанаар, вакцины нэг тун харьцангуй өндөр үр дүн үзүүлж, халдвар авахаас 58 хувь, эмнэлэгт хэвтэхээс 76 хувь, нас барахаас 77 хувиар хамгаалжээ. Энэ нь хоёр дахь тунг хийлгэхийн ач холбогдлыг илтгэн харуулж байна хэмээн судлаачид үзжээ.


“Коронавирусний халдварын тархалтыг зогсооход вакцины ашиг тус ямар их болох нь судалгаанаас харагдаж байна. Дэлхий даяар вакцинжуулалтын аян өрнөж буй энэ үед вакцин цар тахлаас ангижрах, вирусний тархалтыг бүрэн хяналтад авах итгэл найдварыг төрүүлж байна” гэж судалгаанд тэмдэглэжээ.


Судлаачдын багийн ахлах, доктор Шэрон Алрой-Прейс, “Өдийг хүртэл дэлхийн аль ч улс орон “COVID-19”-ийн вакцинжуулалтынхаа нийгмийн эрүүл мэндэд үзүүлсэн нөлөөллийн талаар тайлагнаагүй байна. Иймээс цар тахлыг хяналтад авах боломжтой гэдгийг харуулсан энэхүү судалгаа нь тун ач холбогдолтой юм” хэмээн хэлжээ.


Израил нь зөвхөн “Pfizer/BioNTech”-ийн вакцин хэрэглэсэн бөгөөд тус компани вакцинжуулалтын хөтөлбөрийнхөө мэдээллийг танилцуулах тохиролцоотойгоор вакцин нийлүүлжээ. 2020 оны 12 дугаар сарын 27-ноос 2021 оны гуравдугаар сарын 7 хүртэл орон даяар хөл хорио тогтоосон тус улсад нэгдүгээр сард халдварын тархалт оргил үедээ хүрчээ. Харин дөрөвдүгээр сарын 3 гэхэд 16-гаас дээш насны хүн амын 72 хувь, 65-аас дээш нас хүн амын 90 хувь нь хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ.


Хоёр дахь тунг хийлгэснээс долоо хоногийн дараах байдлаар вакцин халдвар авахаас 95.3 хувь, нас барахаас 96.7 хувиар, шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүйгээр халдварлахаас 97 хувь, 91.5 хувиар тус тус хамгаалсан байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс 97.2 хувиар сэргийлжээ. Түүнчлэн 14 хоногийн дараах байдлаар үр дүнгийн үзүүлэлтүүд бага зэрэг нэмэгдсэн байжээ. 

Холбоотой мэдээ