“Vizit Bulgan-2021” аялал жуулчлалын цахим форум болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-01 14:11:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнөөдөр “Vizit Bulgan-2021” аялал жуулчлалын цахим форум зохион байгуулж байна. Тус форумыг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нээж, аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат баяр хүргэж үг хэллээ.  Аялал жуулчлалын цахим форумд 100 гаруй төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

            Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Булганхангайд тавтай морил” илтгэлдээ:

            - Түүхийн болон байгалийн давуу чанаруудаа оновчтой, хүртээмжтэй, зөв сурталчилж, түүнийгээ аялал жуулчлалын бизнестэйгээ холбож, эдийн засгаа тэлэх нь бидний ойрын зорилт байх болно. Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэн ажиллах үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрт байгаль, түүх, соёлын өвийн онцлог бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн, төрөлжсөн, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжтэй салбар болгон хөгжүүлнэ гэж тусгалаа. Энэ зорилтоо хөгжүүлэхийн тулд аялал жуулчлалын удирдлага менежментийг боловсронгуй болгох, уг асуудлыг эрхэлсэн төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрээс аялал жуулчлалын компаниудтай ажиллах арга, хэлбэрийг төгөлдөржүүлэх, аргазүйн болон бусад туслалцаа үзүүлэх ажлыг эрчимжүүлэх юм. Мөн жуулчны баазуудыг мэргэжлийн хүмүүсээр хангах, аялал жуулчлалын орчин үеийн менежментийг эзэмшүүлэх, иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг бий болгоход анхаарлаа хандуулж, хувийн хэвшлүүдэд хүндрэл чирэгдэл үзүүлэлгүй, дэм болж хамтран ажиллах болно гэж онцоллоо.

Аймгийн Засаг дарга, аялал жуулчлалын салбарын “Vizit Bulgan-2021” цахим форумд оролцогчдод хандаж, “Бусдаас илүү үйлчилгээ, бусдаас илүү чанар” уриан дор бизнест ээлтэй, “Найрсаг харилцаа–манай баялаг” уриан дор жуулчлалд ээлтэй, “Хоггүй аялал–манай хөгжил” уриан дор байгальд ээлтэй бүс нутаг болох зорилтыг хамтдаа үр дүнтэй хэрэгжүүлэхийг уриаллаа.

Тус форумд БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Төрөөс аялал жуулчлалын талаар баримталж буй бодлого”, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр “Булган аймгийн аялал жуулчлалын тогтвортой хөгжил ба мастер төлөвлөгөөний хэрэгжилт”, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” зэрэг илтгэл тавилаа. Мөн аялал жуулчлалын салбарын стандарт, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, цах тахлын дараах аялал жуулчлал зэрэг сэдвээр холбогдох хүмүүс мэдээлэл хийж байна.

Vizit Bulgan-2021” аялал жуулчлалын цахим форумаас уриалга гаргахаар төлөвлөж байна.

Тус аймагт жилд дунджаар гадаадын 8,5 гаруй дотоодын 47,6 мянга гаруй жуулчид зорин ирэх буюу дайран өнгөрдөг. Тэдэнд 19 жуулчны бааз, 145 амралтын газар, 13 рашаан сувиллын газар, таван зочид буудал, 11 дэн буудал, хоёр ангийн отог үйлчилж байна. 



Холбоотой мэдээ