Монголын Үндэсний музей: Буур сав

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-04-30 12:33:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музейн дансанд “Буур” гэж бүртгэгдсэн нэгэн савыг толилуулж байна.

 

XIX зуунд холбогдох эл буур савыг хүрлээр хийсэн бөгөөд 30 см өндөр,  22 см диаметртэй. Энэ нь хавтгайдуу цөгцөн суурьтай, ар шил болон хажуу талдаа тус бүр нэжгээд бариул сэнжтэй, их биетэйгээ үргэлж оготор цорготой, цэцгэн дэлбээ мэт дэрэвгэр амсартай аж. Хэлбэр байдал нь завьяа, гүцэрхүү мэт боловч хэмжээгээр том, эгэл бааздуу хийцтэй. Энэ нь домбо савны нэгэн төрөл болох ба хэмжээнээсээ хамаараад 3-5 литрийн багтаамжтай байдаг.

 

Буур гэх нэрний хувьд, монголчууд ердийнхээс нэлээд томхон сав саахуу, тогоо мэтийг “бууран” хэмээн тодотгодог байжээ. Тиймээс орсон буур зогсож буй мэт хэлбэр төрхөөр нь нэрийдсэн байж болно. Нөгөөтэйгүүр, өнөөгийн бидний “Цайны газар, хоолон гэр, гуанз” гэхчлэн нэрийддэг идэш уушны газрууд нь угтаа “буурчийн газар” гэдэг байсан нь энэ савтай ямар нэг байдлаар холбогдож болох юм.

 

Уг гарлыг хөөвөл, эртний Энэтхэг, наашлаад Төвөдтэй холбогдоно. Тодруулбал, 1200-гаад оны үеэс төвөдүүд ийм савыг мод, төмөрлөгийн зүйлээр хийж усан тахил өргөх, хурал номын үеэр лам хуврагуудад цай унд өгөх зэргээр хэрэглэж байжээ. Мөн хятадууд үүнтэй төстэй ч хэмжээгээр арай бага, нэгэн зүйл шаазан сав хийж хэрэглэх болсон нь 僧帽壺 (sengmao hu) буюу “Лам малгайн хэлбэрт домбо” гэх нэртэй аж. Монголын Их Юань гүрэн болоод Хятадын Мин династийн үед хаадын дэргэд шадарлан байсан Төвөдийн гармаба урсгалд шүтэгч ламын малгайнаас санаа авч энэ домбыг хийснээс ийм нэр үүссэн хэмээжээ.

 

Ийм зэс, хүрэл савыг Монголын томхон хүрээ хийдүүд 1940-өөд он хүртэл түгээмэл хэрэглэдэг байжээ. Хурал хурж буй лам нарын манз цав (хоол, цай)-ыг түргэн шуурхай, асгаж цутгахгүй, халуунаар түгээхэд том амтай, дэрвэгэр хүрээтэй, ил цорготой энэ савын ач тус их байжээ. Лам нарын эгнээ дундуур буур дамжлан гүйж, цай хоол түгээх залуу лам нарын цовоо дуун Монголын сүм хийдийн тууриас дуулдсаар мэт авай.


Төвөд буур сав


Дэвэр маягийн хятад буур сав


Манай буур савтай ихэд төслөг, Хятадын Мин улсын Ёнг Лэ хааны үед үйлдвэрлэсэн энэ шаазан домбо нь дэлхийн томоохон музейнүүдэд бий.


Буур сав барьсан банди нар. Өвөр Монгол, 1930-аад он.

Холбоотой мэдээ