“Amazon” компанийн орлого дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-30 09:59:40

ЛОНДОН. /BBC/. Гэрээсээ худалдан авалт хийх дадал бий болсонтой холбоотойгоор цахим худалдаа үйлчилгээний эрэлт эрс нэмэгдэж, “Amazon” компанийн орлого өссөн хэвээр байна.


Энэ оны нэгдүгээр улиралд “Amazon” компани борлуулалтаас 108.5 тэрбум ам.долларын орлого олж, дээд үзүүлэлтэд хүрсэн тухай компанийн санхүүгийн тайланд дурджээ.


Гуравдугаар сарын 31-нд дууссан гурван сарын хугацаанд компанийн орлогыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 44 хувиар өссөн байна. Түүнчлэн үйл ажиллагааны орлого хоёр дахин өссөнөөр өнгөрсөн оны үзүүлэлт болох 4 тэрбум ам.доллароос 9 тэрбум ам.долларт хүрчээ.


“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, “Amazon” компанийн орлогын үзүүлэлт шинжээчдийн таамаглалыг давжээ. Хоёрдугаар улиралд компанийн орлого 110-116 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.


Цар тахлын нөлөөгөөр цахим худалдан авалт төдийгүй стриминг үйлчилгээ технологийн аварга компанийн ашиг орлого нэмэгдэхэд ийнхүү нөлөөлжээ.


“Amazon Prime Video” үйлчилгээ нэвтрээд 10 жилийг ардаа орхижээ. Өнгөрсөн онд тус үйлчилгээг 175 сая хүн авсан байна. Түүнчлэн нэвтрүүлэг, кино үзэлтийн хугацаа 70 хувиар нэмэгдсэн” хэмээн "Amazon” компанийн тэргүүн Жефф Безос ярьсан байна.


Ирэх саруудад компанийн ашиг тэсрэлт хийсэн хэвээр байх бөгөөд цар тахал нь “Amazon” компанийн хувьд “алтан үе” нь болж байна гэж шинжээчдийн зарим нь үзэж байгаа аж.

Холбоотой мэдээ