Жулиен Малланд: Олон нийтийн орон зайд бүтээл туурвихдаа хүн бүрт хүрэхүйц байлгахыг боддог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2021-04-29 21:12:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын гэр хороололд зориулан хэрэгжүүлж буй “Ногоонбаатар” эко урлагийн олон улсын наадам монгол, франц, герман, чех уран бүтээлчидтэй хамтран энэ оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлээд буй билээ. Тус наадамд Францаас оролцож буй уран бүтээлч Жулиен Малландтай урлаг судлаач, уран бүтээлч М.Батзориг ярилцсаныг хүргүүлж байна.


Олон улсад Seth Globepainter нэрээр алдаршсан тэрбээр 30-аад жил гудамжны уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд хүүхдийг гол сэдвээ болгон зурдаг аж. Дэлхийн олон орноор явж, олны танил болсон, өөрийн өвөрмөц хэв маягаар хотын гудамжийг чимдэг энэхүү уран бүтээлч нутгийн оршин суугчдыг оролцуулж, тухайн газар нутаг, дүүргийн тулгамдсан асуудлуудыг, орон зайн онцлог, түүх, соёлтой нь уялдуулан бүтээлээ туурвидаг байна.

 

-Ногоонбаатар эко урлагийн наадамд оролцох урилга хүлээн авахад ямар сэтгэгдэл төрөв. Яагаад оролцохоор шийдэв?

 

-Монгол орныг, соёл уламжлалыг үргэлж шимтэн сонирхож ирсэн. Францад амьдардаг бидний хувьд мөрөөдлийн орон л гэсэн үг. Өөр соёл, газар нутгийн төлөөлөл болсон уран бүтээлчидтэй уулзаж учирч, мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжтой байхын төлөө би энэ чиглэлд ажилладаг. “Ногоонбаатар” эко урлагийн наадмын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн сацуу хэрэгцээтэй газар нь бүтээлч үйл ажиллагааг дэмжиж ажиллах сайхан боломж гэж харж байгаа.

 

-Та энэ төсөлд оролцохоос өмнө Монголын тухай хэр мэддэг байв?

 

-Францчуудын дунд түгээмэл байдаг, монголчуудын тухай нийтлэг ойлголт надад ч бас байсан л даа. Нүүдэлчин ахуй, овог омгийн түүхийг харуулсан баримтат кинонууд үзсэн. Улаанбаатар хотын цэгцгүй хөгжил, нийслэлийг зорьсон их нүүдлээс шалтгаалсан асуудлуудын тухай ойлголт бас байсан.

 

-Та яагаад бүтээлүүддээ хүүхэд дүрсэлдэг юм бэ?

 

-Хүүхдийн дүрслэл аль ч насны хүнд ойр хүрдэг. Олон нийтийн газруудад хүүхдийн дүрслэлийг ашигласнаар нийгмийн ярвигтай асуудлуудыг үзэж байгаа хүндээ дарамтгүйгээр, хөнгөн харуулах боломжтой. Хүүхдийн гэгээн төрх, тэднийг хүрээлсэн хүнд, хар нөхцөл харшиж харагдахуйд илэрхийлэмж нь бүр л хүчтэй тусдаг. 

 

-Таны зурсан зураг ихэнх хүүхдийнхээ царайг нуусан, эсхүл маск зүүлгэсэн байсан. Та үүгээрээ ямар нэг утга санаа илэрхийлэх гэсэн үү?

 

-Үзэгчийн төсөөллийг өдөөх гэсэн хэрэг л дээ. Юм болгоныг илэрхий өгүүлнэ гэж үгүй шүү дээ. Үзэж буй хүн бүр өөрийнхөөрөө царайг нь төсөөлж, тусгаж авах учиртай. Тэр хүүхэд жаргалтай байна уу, гунигтай байна уу, бодолд автсан уу, мөрөөдөлд автсан уу гэдгийг үзэгч шийдэх хэрэг. Би бүтээсэн дүрээ хүнд тулгахыг хүсэхгүй, харин хүмүүсийг бүтээлтэй минь холбогдоосой гэж хүснэ.

 

-Ажлын шугамаар аялсан улсуудаас аль нь их таалагдав, аль нь онц санагдаагүй вэ?

 

-Аль ч улсыг таалагдсан, таалагдаагүй гэмээргүй байна. Бүх л улс өөрийн гэсэн сүнс, давтагдашгүй, таньж мэдүүштэй соёл уламжлалтай. Элдэв дүгнэлтгүйгээр, сониуч зандаа хөтлөгдөн явах эрх чөлөөг өөртөө олгож чадвал аль ч газар хүссэнтэйгээ учрах болно.

 

-Эдийн засгийн хөгжил, газар нутгийн байршил, соёл уламжлалын ялгаанаас шалтгаалж хүмүүсийн таны бүтээлийг гэх үнэлэлт дүгнэлт ялгаатай байх тал ажиглагдсан уу?

 

-Соёл уламжлал, газар зүйн байршил, нийгмийн орчин нөхцөлөөсөө хамаараад харах өнцөг нь өөр өөр байдаг. Ийм ч учраас олон нийтийн орон зайд уран бүтээл туурвих тун сонирхолтой. Гудамжаар алхан өнгөрч байгаа хүмүүстэй ойлголцох учраас тухайн газрынхаа орчинд зохицуулж зурах нь чухал. Ажигч, бусдыг ойлгодог, дасан зохицох чадвартай байх нь уран бүтээлчид байх ёстой чанарууд гэж би боддог.

 

-Гудамжны урлаг, нийтийн урлаг (public art)-ийн ялгаа?

 

-Гудамжны урлаг бол нийтийн урлагийн нэг хэлбэр юм. Энэхүү тааварлашгүй хийгээд хуулиас гадуурх хөдөлгөөн хүн бүрт хүрэх зорилготой (граффити бүтээгчид рүүгээ ханддаг граффитигээс бусад нь) юм. Олон нийтийн орон зайд санаагаа бүтээлчээр илэрхийлэх ханын зураг, баримал, инсталляц, бас мэдээж граффити, гудамжны урлаг гээд бүхий л арга хэлбэр нийтийн урлагт хамаардаг:

 

-Урлаг бүх нийтэд хүртээмжтэй байх боломжтой юу? 

 

-Урлаг хүн бүрт хүрэх боломжтой. Гэхдээ соёл уламжлал, боловсролын ялгаанаас хамааран бид бүгдээрээ урлагийг өөр өөрийнхөөрөө ойлгоно. Концептуал орчин үеийн урлагийн талаар ойлголтгүй хүнд, хатирч яваа морины зургийг китч гэж хардаг сэхээтэнд хүргэх адилхан л хэцүү. Би олон нийтийн орон зайд бүтээл туурвихдаа үзэгчийнхээ оронд өөрийгөө тавьж төсөөлж, аль болох л хүн бүрт хүрэхүйц байлгахыг боддог.

 

-Поп арт 1970-1980-аад оны контемпорари урлагийн нүүр царай болсонтой адилаар гудамжны урлаг өнөөдөр орчин үеийн урлагийн нүүр царай болсон шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

 

-Магадгүй л юм. Ойлгоход хялбар поп урлаг хувьсан өөрчлөгдсөөр буй өнөөгийн нийгэмд улам бүр л дүйцсээр байна. Хэлбэр, үүргийн хувьд орчин цагийн урлагийн институцэд нийцэхгүй ч урлагийн зах зээлийн эрэлтийг хангана. Цуглуулагчид гудамжны урлагийн эгэл чанарыг үзэгчдэд тэр бүр ойлгогддоггүй контемпорари урлагаас илүүд үзэх нь бий.

 

-Цар тахлаас шалтгаалаад олон улсын уран бүтээлчид “Ногоонбаатар” эко урлагийн наадамд оролцох боломжгүй боллоо. Урлагийн наадамд ийм байдлаар оролцох нь танд ямар санагдаж байна вэ. Давуу болон сул тал?

 

-Зай барьж, энэ мэт үйл ажиллагаа зохиож болж байгаагийн ачаар гадаад, дотоодын уран бүтээлчид цар тахлын үеэр ажиллаж болж байна. Нүүр нүүрээ харан уулзаж, гүн гүнзгий харилцаа тогтоож, зэрэгцэж зогсоод ажиллаж болохгүй байгаа нь сул тал юм даа. Дараа жилээс байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна.

 

Тодруулга: Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлээс санхүүжилттэй “Ногоонбаатар” эко урлагийн олон улсын наадмыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл, Дүрслэх Урлагийн Академи хамтран зохион байгуулж, 976 Арт Галерейгаас санаачилсан Улаан Булан төслийн баг куратороор нь ажиллаж байна.

 

Ярилцлагыг англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлсэн П.Номинбилэг


 



Холбоотой мэдээ