Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 5 тохиолдол нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-27 18:49:19

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 126 хүнд,  PСR-аар 174 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 5 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.

   Тодруулбал Өндөрхангай сумын ойрын хавьтал болон дан хавьтлын 91 хүнээс 2 хүний сорьц эерэг гарсан байна. Мөн Далантүрүү постоор ачаа тээвэрлэж ирсэн 5 жолоочийн гурвынх нь түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарч, улмаар PСR-ийн шинжилгээ хийхэд 2 хүнийх нь хариу батлагдлаа. Эдгээр хүмүүс нь Улаанбаатар хотын иргэд бөгөөд одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байна.

   Үүнээс гадна Улаангом политехник коллежийн дотуур байранд тусгаарлагдаж байсан 5 хүнээс энэ сарын 26-ны өдөр PСR-ийн шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарсан. Ингэснээр сүүлийн 24 цагт коронавирусний 5 тохиолдол нэмж бүртгэгдэн, Увс аймагт батлагдсан тохиолдлын тоо 32 болоод байна.

Холбоотой мэдээ