Зам засварын ажил 5 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-25 13:29:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийслэлд зам засвар, арчлалт болон зам талбайн ариутгал халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна. 

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өнгөрсөн 7 хоногт Энхтайваны өргөн чөлөө, Зүүн 4 замаас Төв шуудангийн уулзвар хүртэлх хоёр талдаа, Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр, Сүхбаатар, Их сургууль, Их тойруугийн 8 гудамжны авто замд үүссэн нийт 85.563 метр урт ан цав, заадсыг битумаар засварлалаа.


Мөн 5 бригад нийслэлийн 6 дүүрэгт автозамын хайс, хашлага засварлах, будах, замын тэмдэг угааж, цэвэрлэх, засварлах ажлыг гүйцэтгээд байна. Тодруулбал, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт нийт 1077 метр урт хайс, хашлагыг тэгшилж засаж, 78 метр уртыг нөхөн байршуулж, мөн 160 метр урт хайс, хашлагыг угааж, цэвэрлэн, буджээ.


Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их сургууль, Сүхбаатарын гудамжинд нийт 1633 тэмдэг угаасан бол 302 тэмдгийг Хан-Уул дүүрэгт шинээр суурилууллаа. Гүүр, хоолой, туннелийн засвар, арчлалтын хүрээнд Гачууртын 30 метр урт болон 18 метр урт гүүрний засварын ажлыг 5 дугаар сарын 1-нд дуусгахаар ажиллаж байна. 


Холбоотой мэдээ