Ноолуур кг нь 115 мянган төгрөгийн үнэтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Малчин лавлах-109 мэдээллийн төв"-ийн мэдээллээр, нийслэлийн түүхий эдийн "Эмээлт" захад ноолуур кг нь 100-125 мянган төгрөг буюу дунджаар 115 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь сарын өмнөх дундаж үнээс 20 мянган төгрөгөөр буурсан үнэ юм.
Бусад түүхий эдийн хувьд, ямааны арьс ширхэг нь 32.000 төгрөг, борлонгийн арьс 20.000 төгрөгийн үнэтэй байна. Нэхий өлөнтэйгөө 1500 төгрөг, хонины ноос 1000 төгрөг байна. Үхрийн шир 5000 төгрөг, адууны шир 13.000 төгрөг, цагаан адууны шир 45.000 төгрөг, дэл кг нь 7500 төгрөг, сүүл кг нь 14.000 төгрөгийн үнэтэй байна. Түүхий эдийн үнэ ханш сүүлийн 10 хоногт тогтвортой байна.