Хүний эрхийн бизнес дэх хамаарлын талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-23 12:11:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнес, хүний эрхийн хөтөлбөрийн Монгол Улс дахь цахим нээлт ирэх 7 хоногт болох гэж байна.

ГХЯ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын холбооноос зохион байгуулах нээлтийн үеэр хүний эрхийн бизнес дэх хамаарал, хүний эрхийн менежментийн арга хэрэгсэл, мэдлэгийн талаар танилцуулах аж. Тодруулбал, хүний эрхийг хүндэтгэдэг, байгаль орчинд хал багатай бизнесийг хөгжүүлэх нь чухал байгааг хөндөж, хүний эрхийн хянан магадлагааны талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бизнес ба хүний эрхийн төслийн зөвлөх М.Мандхай "COVID-19"-ийн цар тахлын үед бизнесийн байгууллага өөрийгөө үнэлэх түргэвчилсэн тестийн талаар танилцуулах юм. 

Бизнес, хүний эрхийн хөтөлбөрийн Монгол Улс дахь цахим нээлтэд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Марко Ферри, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн хөтөлбөрийн удирдагч Ливио Сарандри нарын албаны хүмүүс оролцох аж. Бизнес дэх хүний эрхийн хөтөлбөрийг манай улсад Европын холбооны санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. 


Үүний өмнө НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Бангкок дахь бүсийн төв байр, Ази Номхон далайн Бизнес ба Хүний эрхийн хөтөлбөрийн дэмжлэгээр манай улсын ГХЯ хамтран “Бизнес ба хүний эрх” зайн сургалтыг Монголд зохион байгуулсан юм. ГХЯ-наас төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллийн оролцоотойгоор улс орныхоо онцлогт тохирсон “Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах ажлыг 2018 онд эхлүүлсэн юм. Энэ талын Үндэсний үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулснаар хувийн хэвшлүүд хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дагаж мөрдөх тодорхой журам, аргачлал, хууль эрх зүйн орчин бий болгох ач холбогдолтой юм гэдгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич тэмдэглэн хэлж байна. 


Коронавируст цар тахлаас үүдэн дэлхий дахинд хүний эрхийн зөрчил өсөж буй энэ үед Хүний эрхийн бизнес дэх хамаарлын талаар хэлэлцэх нь манай улсын “Бизнес ба Хүний эрхийн үндэсний үйл ажиллагаа төлөвлөгөө”-г боловсруулах ажлын багийн гишүүд, хэрэгжүүлэх салбарын төлөөлөлд мэдлэг, мэдээлэл олгох чухал үйл явдал болно гэдгийг зохион байгуулагчид үзэж байна. 



Холбоотой мэдээ