Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 2,5 дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-21 10:54:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөх оны 11 дүгээр сарын 11-нээс он дуусталх үеийнхтэй харьцуулахад, энэ оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага 2,5 дахин нэмэгджээ.


“Энэ хугацаанд 1700 орчим дуудлага, мэдээлэл ирсэн. Бүгдэд нь хэрэг нээгээд ажиллаж байгаа"-г Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүүхэд хамгааллын 108, цагдаагийн 102 дугаарт ирж байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэлтэй танилцах үеэр дурдав.


Энэ төрлийн дуудлага, мэдээллийг Орон зайн нэгдсэн мэдээллийн системд бүртгэж, ирсэн дуудлага бүрийн үнэн эсэхийг нягталж, шалгадаг болжээ.


Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон бүртгэгджээ. Гэр бүлийн хүчирхийлэлд эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа, архи, согтууруулах ундаа нөлөөлдөг аж.


Хоногт 102 тусгай дугаарт гэр бүлийн хүчирхийллийн 100-150 дуудлага бүртгэгддэг байна. Тэгвэл хөл хорио тогтоосон эхний өдөр 182, бусад өдөр 100-150, өчигдөр гэхэд 88 дуудлага бүртгэгджээ. Өмнөх хатуу хөл хорионы үеэр согтууруулах ундаа худалдахыг хориглоход гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эрс багасжээ.

 

Холбоотой мэдээ