Халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-21 10:31:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОК, дүүргийн Онцгой комисс болон Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай өчигдөр цахимаар хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв.


Сонгинохайрхан дүүрэгт одоогоор 1040 хүн гэрийн ажиглалтад, ойрын хавьтал 2000 гаруй иргэн бий. Дүүргийн нэгдсэн эмнэлэг 200 ор дэлгэсэн ч дүүрчээ. Тандалтын таван баг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр өдөрт 500-600 хүнээс гэрээр нь шинжилгээ авч байгаа аж.


Баянзүрх дүүрэгт гэрийн эмчилгээнд 980, гэрийн ажиглалтад 329, мөн хэвтэн эмчлүүлж байгаа 690 хүн байна. Тандалтын баг, шинжилгээ авах цэг өдөрт 1000 орчим хүнээс ПСР шинжилгээ авдаг.


Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвартай 192 хүн бүртгэгджээ. Ингэснээр нийт 4169 тохиолдол батлагдаж, есөн хүн нас баржээ. Эмнэлэгт 894, гэрийн тусгаарлалтад 612, ойрын хавьтал 2000 гаруй хүн байна.


Харин Чингэлтэй дүүрэгт өчигдөр 603 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Халдвар авсан иргэдийн тоо 1420 гаруй болжtt. Гэрийн тусгаарлалтад 2101, ойрын хавьтал 1467, гэрээр эмчлүүлж байгаа 634 хүн байна.


Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 185 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Баянгол дүүрэг 440 орчим ор бэлтгэжээ. Гэрийн тусгаарлалтад 376 хүн байгаа. Багахангай, Багануур дүүрэгт халдварын нөхцөл байдал харьцангуй тайван. Налайх дүүрэгт 272 хүн халдвар авснаас 159 хүн эдгэрчээ. Хүүхдийн эмнэлэгт 28 хүн, гэрээр 33 хүн эмчлэгдэж байгааг уулзалтын үеэр мэдээллээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагууд бэлтгэл ажлаа сайтар хангаж, хоорондоо уялдаа холбоо, зохион байгуулалттай ажиллахыг сануулаад, үүргээ гүйцэтгэж яваад халдвар авч, амиа алдсан алба хаагчдадаа эмгэнэл илэрхийлж, эрүүл мэндийн салбарын ажилтны ажил, амралтыг нь зохицуулж, дархлааг нь дэмжиж, урам өгөөрэй гэв. Дүүргийн удирдлагууд нөхцөл байдал хүнд, орны нөөц, тусгаарлалтын байр нэмэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.

 

Холбоотой мэдээ