"Спутник V" вакцины үр дүн 97.6 хувьд хүрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-04-20 10:09:19

МОСКВА. /TASS/. Вакцин тариулсан 3.8 сая хүний мэдээлэлд хийсэн судалгаагаар "Спутник V" вакцины үр дүн 97.6 хувьтай гарлаа гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. 


"Вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн Оросын иргэдийн дундах коронавирусний өвчлөлийн талаарх мэдээллийн дүн шинжилгээнд үндэслэн "Спутник V" вакцины үр дүн 97.6 хувьд хүрснийг Н.Ф.Гамалеян нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэн болон Оросын шууд хөрөнгө оруулалтын сан зарлаж байна" гэж мэдээлэлд дурджээ.


2020 оны 12 дугаар сарын 5-наас 2021 оны гуравдугаар сарын 31-ний хооронд вакцины хоёр тунг хоёуланг нь тариулсан 3.8 сая хүний вакцинжуулалтын мэдээллийг судлахад эхний тунг тариулснаас хойш 35 хоногийн дараагаас өвчлөл бүртгэгдсэн тохиолдол ердөө 0.027 хувь байсан байна.


Харин вакцинжуулалтын аян эхэлснээс хойших 35 хоногийн дараа вакцин хийлгээгүй насанд хүрсэн хүмүүсийн дунд өвчлөл 1.1 хувь байжээ.   


Вакцины үр дүнгийн талаарх судалгаа, мэдээллийг ирэх тавдугаар сард анагаах ухааны сэтгүүлд нийтлэх аж.


"Спутник V" вакциныг одоогийн байдлаар дэлхийн 60 улсад бүртгээд байгаа бөгөөд коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтдаа хэрэглэхийг зөвшөөрсөн орны тоогоор дэлхийд хоёрдугаарт орж байгаа юм.


Холбоотой мэдээ