Цагааннуур боомтоор өнгөрсөн долоо хоногт 3305 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-19 13:13:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуур боомтоор ОХУ-аас шатахуун импортолж баруун аймгуудын хэрэгцээг хангаж байгаа.

Өнгөрсөн 7 хоногт тус боомтоор 157 тээврийн хэрэгслээр 8 аж ахуйн нэгжийн 3305,5 тн газрын тосны бүтээгдэхүүн, 1 иргэн, 5 аж ахуйн нэгжийн 480 тн малын тэжээл импортолжээ.

Боомтод үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд хилээр орж ирсэн шатахуун болон малын тэжээлийг хилийн хяналтын талбайгаас дотоодын тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачих үйл ажиллагаанд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллав.

Түүнчлэн тухайн долоо хоногт боомтод албан үүргээ гүйцэтгэсэн хил, хяналтын 40 ажилтан албан хаагчийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан байна. 

Холбоотой мэдээ