“Нэг өрх-Нэг шинжилгээ"-нд 1163 иргэнийг хамруулжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-04-19 00:23:37
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгадын хэмжээнд өнөөдөр 1163 өрхөөс 1163 иргэнийг “Нэг өрх-Нэг шинжилгээ"-нд хамруулжээ.
Аймгийн Засаг даргын энэ сарын 16-ны өдрийн А/399 дугаар захирамжийн хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тандах зорилгоор “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г энэ сарын 18-ны өглөөний 10.00 цагаас Даланзадгад, Номгон суманд зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд Даланзадгад сумаас 8763 өрх, Номгон сумаас 200 өрх хамруулахаар төлөвлөсөн байсан. Даланзадгад суманд “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, ЗӨСТ, Өрхийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, Даланзадгад сумын 8 багийн дарга, зохион байгуулагч, сургууль, цэцэрлэгийн эмч нарыг дайчлан шинжилгээний 9 багт 35 эмч, мэргэжилтэн, төрийн албан хаагч ажиллаж байна. Даланзадгадад нийт 1075 өрхийн 1075 иргэн, Номгон сумын 88 өрхийн 88 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу нь бүгд сөрөг гарчээ.
“Нэг өрх-Нэг шинжилгээ" арга хэмжээ маргааш үргэлжилнэ.
Холбоотой мэдээ