Статистикийн бизнес регистрийн санд 205,8 мянган хуулийн этгээд бүртгүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-16 14:44:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Статистикийн бизнес регистрийн санд энэ оны эхний улирлын байдлаар 205,8 мянган хуулийн этгээд бүртгүүлжээ.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 14,9 мянга буюу 7,8 хувиар, өмнөх улирлынхаас 5,3 мянга буюу 2,6 хувиар нэмэгдлээ.

Бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийг байршлаар авч үзвэл, нийслэлд нийт хуулийн этгээдийн 156,1 мянга буюу 75,9, төвийн бүсэд 17,5 мянга буюу 8,5, хангайн бүсэд 15,2 мянга буюу 7,4, баруун бүсэд 11,2 мянга буюу 5,4, зүүн бүсэд 5,9 мянга буюу 2,9 хувь нь бүртгэлтэй байв.


Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт 3,7-5,1 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа бол Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0,5-1,3 мянга байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.


Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй 205,8 мянган хуулийн этгээдийн 44,6 хувь нь үйл ажиллагаа явуулж, 55,4 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 59,9 мянга буюу 52,5 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй бол 47,5 хувь нь бусад шалтгаантай аж.

Холбоотой мэдээ