Таеквондочид олимпын бэлтгэлээ Бишкект базааж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-16 12:35:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын таеквондогийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн болон Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол бэлтгэлээ хилийн чанадад хангаж эхэлжээ.


Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагвадоржоор ахлуулсан шигшээ багийн тамирчид энэ сарын 11-нээс эхлэн Киргизийн Бишкек хотноо 4 улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. 


Монголын шигшээ багийн тамирчдаас олимпын эрх олгох тэмцээнд 58 кг-д ОУХМ М.Түмэнбаяр, 68 кг-д ОУХМ А.Нацагдорж нар оролцоно. Харин Ази тивийн АШТ-д 54 кг-д Т.Билэгсайхан, 58 кг-д Г.Энхбаяр, 63 кг-д Д.Чинзориг, 68 кг Э.Буяншагай, 74 кг П.Тэмүүжин нар хүч ур чадвараа сорих юм. Баг тамирчдыг БНСУ-ын багш Хур Ин-Ён дасгалжуулж байна.


Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнийг 2021 оны тавдугаар сарын 21-23-нд Йорданы Амман хотноо зохион байгуулна. Харин 24 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 15-20-нд Ливан улсын Бейрут хотноо болох юм.

Холбоотой мэдээ