Иргэдийн хөл хөдөлгөөн их байгаа нь хөл хорионы үр дүнг бууруулах эрсдэлтэй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-16 12:14:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоо илэрч буй тохиолдлууд бол хөл хорионоос өмнө халдвар авсан хүмүүсийн илрэл гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох тодотгов.


Тэрбээр, “Өөрөөр хэлбэл хөл хорионы эхний долоо хоногт халдвар авсан хүмүүсийн илэрц одоо гарч ирж байна. Энэ нь бидний урьдчилсан таамаглалын дагуу явж байна. Тохиолдлын тоо нэлээн их гарна гэж бэлтгэлээ хангаж байсан. Харин хөл хорионы төгсгөлд хөл хорионы үр дүнгийн тоон үзүүлэлт гарах ч гадуур хүмүүсийн хөл хөдөлгөөн их байна. Энэ нь хөл хорионы үр дүнг бууруулах байх хэмээн харж байна. Халдвар бүх нийтэд тарсан, хаа сайгүй оношлогдож байна. Тиймээс ковид таны хажууд байгаа. Надаас хол байна гэсэн байдлаар битгий хандаач ээ. Эрүүл мэндийн байгууллагын тандалтаар илэрч байгаа тохиолдлын тоо их байгаа нь халдвар хаа сайгүй тархсаныг илтгэж байна” гэв.


Иргэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хөл хорионы дэглэмийг сайн сахих хэрэгтэйг тэрбээр санууллаа.

Холбоотой мэдээ