Хилийн боомтуудад экспорт, импорт хэвийн явагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-15 15:46:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад "COVID-19" халдварын тоо буурахгүй, их гарч буйтай холбоотойгоор БНХАУ-ын тал хилийн боомтуудад ариутгал халдваргүйтгэлийг өндөр түвшинд хийж, шинэ дүрэм журмаар ажиллаж буй талаар Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, тус улсын хилээр нэвтрэх нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд тухайн өдөрт нь хамруулж, шинжилгээний хариу гарангуут ачаа тээврийг явуулж байна. Үүний өмнө тээврийн 500-600 автомашины жолооч нарыг Монгол Улсын талаас автобусаар нэгдсэн байдлаар хил хүргүүлж зөөвөрлөн БНХАУ-ын талд шинжилгээ өгүүлж хариу гарсан нөхцөлд 7 хоногоор хил нэвтрүүлж тээвэр хийж байв. Тэгвэл одоо БНХАУ-ын талаас тавьж буй шинэ шаардлагаар ийнхүү өдөр өдөрт нь 30-60 тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байгаа нь манай улсын экспортод ачаа тээвэр буурах байдлаар нөлөөлж байгааг ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг мэдээллээ. 


Гэхдээ хилийн бүх боомтод байдал ийм биш, харилцан адилгүй, өөр өөр байдлаар явагдаж байгааг мэдэгдлээ. Тухайлбал, Замын-Үүд боомтод өдөрт дунджаар 25 ачааны машиныг БНХАУ-ын тал руу нэвтрүүлж, буцахдаа бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байна. Мөн төмөр замаар өдөрт дунджаар 22 вагоноор хүнсний ногоо, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа нь тухайн бараа бүтээгдэхүүний хомсдолд орохгүй байх боломжийг бүрдүүлж байна гэв. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тухайд өдөрт дунджаар:

  • Шивээхүрэн боомтоор 60-90 тээврийн хэрэгсэл,
  • Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтоор 30 тээврийн хэрэгсэл,
  • Ховд аймгийн Булган боомтоор 90-100 тээврийн хэрэгсэл,
  • Дорноговь аймгийн Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ руу нэвтэрч экспорт хийж, хилийн боомтуудад экспорт, импорт хэвийн явагдаж байгааг ГЕГ-аас мэдээллээ.
Холбоотой мэдээ