Зээл олголтод хяналт тавих Олон нийтийн зөвлөл байгуулагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-14 17:42:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас “COVID-19” цар тахлын үед хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд хяналт тавих Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулаад байна. Тус зөвлөлийг бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ ахлан ажиллахаар болжээ.


Олон нийтийн хяналтын зөвлөл нь аж ахуйн нэгж, байгууллагын зүгээс 10 их наядын цогц төлөвлөгөө болон 3 хувийн хүүтэй зээл олголттой холбоотой гарч буй гомдол, санал хүсэлтийг хүлээн авч байна.Тэгэхдээ 3 хувийн зээл олголттой холбоотой санал, гомдол, хүсэлтийг цахим хаягаар болон МҮХАҮТ-ын сошиал хаяг, Танхимын дэргэд ажилладаг салбар салбарын мэргэжлийн холбоод, зөвлөлийн хаягаар хүлээн авч байгаа аж. Бизнес эрхлэгчид болон ААН-үүдээс ирүүлэх санал, хүсэлтэд үндэслэн холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, тодорхой үр дүн гаргахад Олон нийтийн хяналтын зөвлөл анхаарч ажиллах юм байна.  



Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойших 22 дахь өдрийн байдлаар 509.6 тэрбум төгрөгийг 7116 мянган ААН, бизнес эрхлэгч хүртээд байна. Үүнээс нийслэлд 279.6 тэрбум төгрөгийг 2897 зээлдэгчид олгожээ. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар зээл олголт 26.3 хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийт 4,292.9 тэрбум төгрөгийн 34.2 мянган зээлийн хүсэлт ирснээс 525.6 тэрбум төгрөгийг 7,356 зээлдэгчид олгоод байна.

Зээл авсан 7,356 зээлдэгчийн 1,146 нь аж ахуйн нэгж, 6,210 нь иргэн байна. Үлдсэн 1,856.9 тэрбум төгрөгийн 12,049 хүсэлт судалгаанд байгаа бол 7,882 хүсэлтээс татгалзжээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг бол ААН-ийнх 256.1 сая төгрөг байна. 

Холбоотой мэдээ