Аймгийн төв болон 5 суманд 72 цагийн тэг зогсолт хийнэ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-04-14 11:08:42

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, зургаан суманд тэг зогсолт хийх шийдвэр гаргалаа. Тодруулбал, аймгийн төв болон Баруунтуруун, Цагаанхайрхан, Наранбулаг, Өндөрхангай, Зүүнхангай суманд өнөөдрөөс эхлэн 72 цагийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож байна.

Улаанбаатар хотоос Өндөрхангай суманд буяны ажлаар ирсэн дөрвөн иргэний нэгнийх нь түргэвчилсэн шинжилгээний хариу энэ сарын 13-ны өдөр эерэг гарсан юм. Энэ дагуу PCR шинжилгээ хийсэн бөгөөд өнгөрсөн шөнө хариу эерэг гарч батлагджээ. Иймээс мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээ авч, шуурхай ажиллаж байна.

Тухайн буяны ажилд Улаангом, Баруунтуруун, Цагаанхайрхан, Наранбулаг, Өндөрхангай, Зүүнхангай сумаас хүмүүс очиж оролцсон тул ийнхүү коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлж, эдгээр сумдад тэг зогсолт хийж байна.

 

Холбоотой мэдээ