Н.Хадаахүү: Газар тариалангаас гадна сумын брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-14 10:55:19

Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын ЗДТГ-ын дарга Н.Хадаахүүтэй ярилцлаа. Түүний хувьд улсад 32 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 21 жилд нь Тариалан сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байна. 


-Тариалан суманд энэ жил хаваржилт хэр байна вэ?

-Манай суманд энэ өвөл цас багатай, дулаахан байсан. Өвлөө дагаад хавар ч сайхан болж байна. Малчид 3-р сарын 1-нээс хаваржаа руугаа нүүдэг байсан бол энэ жил 2-р сарын 20-ноос эхлээд 3-р сарын 1 хүртэл нүүдэл үргэлжилсэн. Бургастай бааз дээр хаврын нүүдлийн үеэр сумын ЗДТГ-аас жил бүр Дамжин өнгөрөх цэг ажиллуулж, малчдад өвс тэжээл олгох, дулаан орчинд хоол цайгаар үйлчлэх гэх мэт төрөл бүрийн ажлыг зохион байгуулдаг. Өмнө нь 15-20 хоног Дамжин өнгөрөх цэг ажилладаг байсан бол энэ жил 10 хоног ажиллаад буусан. 3-р сарын 25-аас эхэлсэн мал төллөлт одоогоор 60 гаруй хувьтай явж байна. Төлийн хорогдолгүй, мал ч жилбэтэй сайн төллөж байна. Сумын хэмжээнд том малын зүй бусын хорогдол гараагүй.

-Танай сум хэчнээн малтай вэ?

-2020 оны жилийн эцсээр 153206 толгой мал тоологдсоноос тэмээ 885, адуу 3492, үхэр 6805, хонь 84909, ямаа 57115 байна. Мөн сарлаг 2363, үүнээс хээлтэгч 800, хайнаг 17 байгаа. Манай сум хөдөөгийн дөрөв, төвийн хоёр багтай. Ард иргэд маань мал аж ахуй эрхлэхээс гадна газар тариалангийн үйлдвэрлэлийг туслах чиглэлээр хөгжүүлдэг. Ер нь газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр манай сум аймагтаа хоёрдугаарт буюу Баруунтуруун сумын дараа ордог.

Одоогоор газар тариалан эрхлэгч нартай уулзах, усалгааны асуудлыг шийдэх, харуу цацаж ус гаргах зэрэг ажил хийж байна. Энэ хүрээнд багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нар болон байгууллагын дарга, эрхлэгч нарыг дуудаж удирдлагын хэмжээнд юу хийхээ ярилцаж тохиролцсон. Газар тариалангаас гадна сумын брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх чиглэлээр санаачилагатай ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд арвайн гурил үйлдвэрлэгч таван иргэн, байгууллагатай хамтарч ажиллах гэрээ хийсэн. Цаашдаа малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн хийх тал дээр анхаарч ажиллан, малчдын орлогыг нэмэгдүүлнэ. Тухайлбал тосонд чанасан шар ааруулыг бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргах юм.

-Танай суманд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр ямар ажлууд өрнөж байгаа вэ?

-Өнгөрсөн онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 100 орчим сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн. Үүнд хөдөөгийн хоёр багт өвс тэжээлийн фонд барьсан. Мөн сумын Эрүүл мэндийн төвд биохимийн шинжилгээний аппарат авч өгсөн. Сумын төвийн Хархираа багийг камержүүлж, нэг худагт ухаалаг төхөөрөмж суурилуулсан. Тэрчлэн Хархираа багт гэрэлт цамхаг тавьж өгсөн. Одоогоор сумын төвд 3, Хархираа багт 1, нийтдээ 4 гэрэлт цамхаг асч байна. 

Энэ жил аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Хамгийн томоохон ажил гэвэл он дамнан хийж байгаа сайжруулсан шороон замын ажил байна. Сумын төвөөс Хархираа багийн чиглэлд зам засна. Тэрчлэн спорт заалны суурийг энэ жил тавьж, он дамнаж барина. Өнгөрсөн жил улсын төсвийн 2 тэрбум гаруй төгрөгөөр хоёр давхар хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар энэ жил ковш трактор авна. Манай суманд хавар, намрын нүүдлийн цагаар ковш трактор маш их хэрэг болдог. Бас өвөлдөө цас их ордог болохоор зам гаргахад зайлшгүй хэрэг болдог. Уул уурхайтай сум болохоор газрын хэвлий хөндөж сэндийчсэн, сүйтгэсэн асуудал их гардаг бөгөөд үүнийг нөхөн сэргээх, дарж булах техник зайлшгүй шаардлагатай байгаа.  

-Цар тахлын үед хэрхэн ажиллаж, амьдарч байна вэ?

-Цар тахал бидний хийх ажлыг ихээхэн хойш нь татаж байгаа. Эргүүл, пост ажиллуулах, тусгаарлах байр бэлдэх гэх мэтээр төсөвлөгдөөгүй зардал их гарч байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас дэмжлэг тусламж өгч байна. Гэхдээ улсын төсөвт төсөвлөгдсөн зардал байхгүй тул хэцүү байна. Дулааны улирал болж байгаа болохоор гайгүй. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа тогтмол орохгүй байгаа болохоор хөдөө багийн хүүхдүүдэд хичээлийн хоцрогдол их байгаа. Иймээс энэ тал дээр анхаарч ажилласнаар жигдэрч байна.

Сүүлийн үед голомттой бүсээс ирж тусгаарлагдаж байгаа хүн алга. Өмнө нь хамгийн ихдээ 21 хүн тусгаарлаж байсан. Сургуулийн дотуур байрны нэг өрөөнд 3 хүн гээд 14 хоногоор 2 удаа тусгаарласан. Хоол ундыг ар гэрээс нь, бусад зардлыг ЗДТГ-аас гаргуулаад тухайн үед голомттой бүсээс ирсэн иргэдийг тусгаарлаж байлаа. Сургууль ажиллахгүй, хүүхдүүд амраад явсан үе байсан тул дотуур байрандаа авсан.

-Та сумын ЗДТГ-ын даргаар хэчнээн жил ажиллаж байна вэ?

-Сумын ЗДТГ-ын даргаар 21 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Төрийн албанд 32 жил ажилласан. “Төрийн ажлыг чин сэтгэлээсээ хий, ямар нэгэн хүний болон улстөрийн нөлөөнд орж болохгүй” гэсэн шаардлагыг би Тамгын газрын ажилчдадаа тавьдаг. Тэр ч утгаараа манай Тамгын газрын ажилчид тогтвор суурьшилтай ажилладаг. Зөвхөн улс төрийн албан тушаалтнууд л солигдоод явдаг. Манай ЗДТГ-ын хамгийн залуу ажилчин гэхэд л дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Үлдсэн нь түүнээс дээш жил ажилласан хүмүүс байгаа. Ер нь бол шинээр хүн авахад түүнийг ажилд сургах гэсээр байтал 1-2 жил алддаг тал бий. Бид ямар ч дарга томилогдож ирсэн төрийн ажлаа үргэлжлүүлээд явдаг. Ажлаа мэддэг хүмүүстэй хамт ажиллахад урамтай сайхан байдаг юм. 

-Танд баярлалаа.

                                                                     /"Ковидын дараах шинэ эхлэл" сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдаанд/

 

Холбоотой мэдээ