АНЭУ анхны эмэгтэй сансрын нисэгчээ танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-13 09:50:57

НЬЮ-ЙОРК. /CNN/. Хүн анх сансарт ниссэний 60 жилийн ой тохиож буй үед АНЭУ анхны эмэгтэй сансрын нисэгчээ танилцуулжээ.


Анхны эмэгтэй сансрын нисэгч хэмээн АНЭУ-ын түүхэндээ бичигдсэн Нура аль-Матрооши нь Мохаммед бин Рашидагийн нэрэмжит Сансрын төвийн сансрын нисгэгчдийн хөтөлбөрт хамрагдсан хоёр хүний нэг аж. Энэ тухай АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч Мохаммед бин Рашид Аль Мактум “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.


Хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ илгээсэн 4000 гаруй хүнээс тэрбээр Мохаммед Аль-Муллагийн хамтаар сонгогджээ.


“Өнөөдөр миний хувьд мартагдашгүй мөч тохиож байна. Би ард түмэндээ үүрд дурсагдах түүхэн мөч, ололт амжилтыг үлдээхийн тулд шаргуу хөдөлмөрлөнө” хэмээн аль-Матрооши “Twitter” хуудсандаа тэмдэглэсэн байна.


Сансрын нисгэгч аль-Матрооши нь 1993 онд төрсөн бөгөөд АНЭУ-ын их сургуульд механик инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Бага наснаасаа л сансар огторгуйг мөрөөддөг байснаа дурсан ярьсан тэрбээр Үндэсний газрын тосны барилга байгууламж угсралтын корпорацид инженерээр ажилладаг байна. 


Харин 1988 онд төрсөн Аль-Мулла нь арилжааны нисгэгчээс гадна Дубай хотын цагдаагийн газарт нисэгчээр ажилладаг аж.

Холбоотой мэдээ