Аймгаас гарах, орох хөдөлгөөнийг энэ сарын 25 хүртэл хязгаарлалаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-04-10 21:01:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэртэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгаас гарах, орох хөдөлгөөнийг энэ сарын 25-ныг хүртэл хязгаарлалаа.


Тодруулбал, мөн хуралдаанаар 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас эхлэн 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд дараах хязгаарлалтуудыг тогтоохоор болов. Үүнд;

1. Эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнс, түлш шатахуун, газар тариалан малын өвс тэжээлийн тээврээс бусад тээврийн хэрэгслийн аймгийн нутаг дэвсгэрээс гарах болон орох хөдөлгөөнийг зогсоов. /Эрүүл мэндийн болон буяны ажилтай иргэд аймаг, сумын шуурхай штабаас зөвшөөрөл авч зорчино/.

2. Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төв, бүх төрлийн дэлгүүр болон үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 09:00-17:00 цаг хүртэл, төв бараан захын үйл ажиллагааг 12:00-18:00 цаг хүртэл тус тус богиносгосон цагаар ажилуулахаар боллоо. Бусад сумдын хувьд эрсдлийн түвшин, нөхцөл байдлыг судлан сумын Онцгой комисс шийдвэрлэнэ.

3. Арвайхээр, Хужирт, Бүрд, Хархорин, Бат-Өлзий сумын сургууль, цэцэрлэгийн танхимын үйл ажиллагааг түр зогсоов.

4. Баар, караоке, нийтийн халуун ус, саун бассейн, цахим тоглоом, спорт заал, фитнесс төв, сүм хийд, сургалтын төв болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг дээрх хугацаанд хориглов.

5.Нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргааны байгууллагуудын ажилчдын 5-10 хувь нь ажлын байран дээрээ ажиллана.

6. Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглов.

7. Улсын чанартай А0301 автозам дагуу байрлах Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Тарагт, Хайрхандулаан, Нарийнтээл сумдын нутаг дэвсгэр дэх худалдаа үйлчилгээ болон хоол үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоохоор тус тус шийдвэрлэв.

 

Холбоотой мэдээ