Увс аймагт хөл хорио тогтоохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-09 16:20:01

Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод энэ сарын 10-25 хүртэлх хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор болсон. Тэгвэл Увс аймагт дээрх хугацаанд хөл хорио тогтоох эсэх талаар аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Баттулга мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ, “Энэ сарын 2-нд гарсан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Увс аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд ажиллаж байгаа. Энэ шийдвэрийг хэвээр үлдээнэ. Учир нь гаднаас зөөвөрлөгдөж ирсэн коронавирусний тохиолдлуудад цаг тухайд нь арга хэмжээ авч, тусгаарлах, эмчлэх ажлыг шуурхай зохион байгуулсаны үр дүнд 4 иргэний 3 нь эдгэрсэн. Нэг хүний бие хэвийн байдалтай эмчлэгдэж байна. Цар тахлыг дотооддоо алдаагүй учраас бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээж, тодорхой хязгаарлалтыг дагаж мөрдөхийг иргэдэд зөвлөе. Зэргэлдээ Ховд аймагт цар тахал гарсантай холбоотой зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, гаднаас хүн хүлээж авахгүй гэдгийг шуурхай штабаас мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотоос ирэх хөдөлгөөнд хатуу хяналтыг тавьж байна. Өвчтэй хүн сахих зэрэг эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай үед нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно.

Өнөөдрийн байдлаар Увс аймгийн хэмжээнд 345 хүн гэрийн ажиглалтад байгаагаас 210 нь Улаангом суманд байна. Гэрийн ажиглалтыг үр дүнтэй байлгахад иргэдийн хариуцлага маш чухал. Мөн иргэд сонор сэрэмжээ дээшлүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг анхааруулж байна.

Мөн вакцинжуулалтын ажил эхэлсэн. Нийт 4200 тун вакцин хүлээн авсанаас 1891 тун вакциныг өнөөдөр сумд руу гаргасан. Эхний ээлжид ОБГ, ЦГ, Шүүх, МХГ, Эрүүл мэндийн салбар зэрэг эрсдэл бүхий салбарын 450 орчим албан хаагчдыг вакцинжуулсан. Амралтын өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн багш ажилчдыг вакцинд хамруулаад дуусна. Вакцинжуулалтын ажлыг Шадар сайдын гаргасан журмын дагуу эрсдэлтэй байдлаар нь эрэмбэлэх байдлаар нийт хүн амыг вакцинжуулна. Дараагийн тун вакцин хүлээгдэж байгаа. Ирсэн үед нь үе шаттай вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана” гэлээ.

 

Холбоотой мэдээ