Их Британид илэрсэн хувилбар 1.32 дахин хурдан халдварлаж буйг тогтоожээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-04-08 15:57:03

ТОКИО. /NHK/. Их Британид анх илэрсэн коронавирусний хувилбараар Японд халдварласан тохиолдлуудыг судлахад уг хувилбар анхны вирусээсээ хавьгүй хурдан халдварлаж байгааг тогтоожээ.


Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн судлаачид гуравдугаар сарын 22 хүртэлх 50 хоногийн хугацаанд Их Британид илэрсэн хувилбараар халдварласан тохиолдлуудад тулгуурлан халдварлах чадварыг нь судалсан байна.


Тэдний тогтоосноор, Их Британид анх илэрсэн хувилбар анхны вирусээсээ дунджаар 1.32 дахин хурдан халдварлах чадвартай байжээ.


Одоогийн байдлаар уг хувилбараар халдварласан тохиолдол баруун нутгийн Кансай бүсэд түлхүү бүртгэгдээд байгаа боловч Токиод аажмаар өсөж буй хандлага ажиглагдаад байгаа ажээ.


Иймээс судлаачид одоогоор авч хэрэгжүүлж буй халдварын эсрэг арга хэмжээнүүд нь Их Британид илэрсэн хувилбарын тархалтыг хумихад хангалтгүй байж магадгүй хэмээн үзсэн байна. 

Холбоотой мэдээ