Найман түмэн мод тарих хөдөлгөөн өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-08 11:50:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БОАЖГ-аас санаачлан найман түмэн мод тарих хөдөлгөөнийг эхлүүллээ. Ирэх 2022 онд Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой тохиох бөгөөд түүхэн энэ ойг угтаж, газрын доройтол, цөлжилт, хуурайшилтын эсрэг өрх бүр 8, аж ахуйн нэгж байгууллагууд 80-аас доошгүй  мод тарихыг уриалж байгаа аж.

Энэ хавар болон намар, ирэх оны хавар гээд гурван удаагийн тарилтаар ирэх оны зун гэхэд 8 түмэн модтой болсон байх зорилго тавьсан байна.  

Байгаль доройтож, цөлжилт болж байгаагийн шинж тэмдэг сүүлийн үед ихээр мэдрэгдэж байгаа. Байгальтайгаа буруу харьцсаны улмаас тус аймагт өнгөрсөн зун хэд хэдэн удаагийн нөөлөг салхи гарч, саяхан гуравдугаар сарын 14-нд байгалийн онц аюултай үзэгдэл болж, ган гачиг үргэлжилж, хаваржилт хүндэрч байгаа нь ихээхэн сургамж болж байна.

Тиймээс БОАЖГ-аас ийнхүү хөдөлгөөн өрнүүлэхээр санаачилж байгаа юм. Үйл ажиллагааны хүрээнд иргэдийг идэвхжүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус байгууллагаас мод тарих, арчлах, ургуулах, ногоон байгууламжийн төлөвлөлт хийх зэрэг мэдээллээр ханган ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ