Дэд бүтцийн хөгжилд зориулж 2.5 их наяд ам.долларын татвар цуглуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-08 10:30:32

ЛОНДОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор 15 жилийн хугацаанд 2.5 их наяд ам.долларын татвар нэмж авна гэж найдаж байна.


Энэ тухай АНУ-ын Сангийн яамны илтгэлд дурдсан байна.


Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дээд хэмжээг 21-28 хувьд хүргэж нэмэгдүүлэхийг санал болгохоос гадна гадаадаас олсон орлогын татварыг нэмэгдүүлэх, компаниудын хөрөнгө оруулагчдад тайлагнадаг орлогын татварын хамгийн доод хэмжээг шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.


“Amazon” технологийн корпорац зэрэг дэлхийн том компаниуд орлогын албан татвараас нэг ч төгрөг төлөхгүйн тулд янз бүрийн цоорхой ашиглаж байна гэж Цагаан ордны тэргүүн татварыг өөрчлөх төлөвлөгөөгөө танилцуулах үеэрээ мэдэгдсэн юм.


Ж.Байдены төлөвлөгөө зарим компани, Бүгд Найрамдах намын төлөөлөгчид төдийгүй Ардчилсан намын зарим гишүүний зүгээс хатуухан шүүмжлэлд өртжээ. Татварын шинэ хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжихийн тулд Конгрессын дэмжлэгийг авах ёстой.


Дэд бүтцийг шинэчлэн сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх 2 их наяд гаруй ам.долларын төлөвлөгөөгөө Ж.Байден 4 дүгээр сарын 1-нд танилцуулсан. Тээврийн дэд бүтцийг сайжруулах нь хөтөлбөрийн чухал хэсэг юм. Энэ бүхэн нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших ажлын байранд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг Ж.Байден онцолсон юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр АНУ-ын эдийн засаг өсөхөөс гадна Хятадтай өрсөлдөхөд нь тус болно гэж тэрбээр үзэж байна.

Холбоотой мэдээ