Баянхонгор аймаг 4000 хүн тун вакцин татан авчээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2021-04-06 13:38:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт,  Эрүүл мэндийн байгууллагын ажилчдад өнөөдрөөс /2021.04.06/ коронавирусний эсрэг дархлаажуулалтыг хийж эхэллээ.

Энэ удаад Баянхонгор аймаг БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн вероселл вакцинаас 4000 хүн тунг татан авсан бөгөөд тусгайлсан чиг үүргийн байгууллагууд, эрүүл мэндийн салбарынхныг дархлаажуулж байгаа юм. 

Дархлаажуулалтын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан нээж үг хэлэхдээ, "Хүнд нөхцөл байдалд цаг наргүй үүрэг гүйцэтгэж ирсэн  тусгай үүргийн алба хаагчдадаа ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хүн төрөлхтнийг айдаст автуулсан цар тахлын эсрэг шинжлэх ухаан шинэ ололт амжилттайгаар вакцинуудыг үйлдвэрлэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн вероселл вакциныг Баянхонгор аймаг эхний ээлжинд татан авсан бөгөөд энэ 4, 5 дугаар сард тасралтгүйгээр вакцин татан авах захиалгаа Улсын Онцгой комисст хүргүүлээд байна. Ингэснээр эрсдэлт бүлгийн иргэдээ вакцинжуулахаар АОК-оос төлөвлөөд байна" гэлээ.

Аймгийн Онцгой комиссоос эрсдэлийн үнэлгээ хийж боловсролын салбар,  хот тохижилт, банк санхүү, шүүх прокурор, зах худалдааны төвийн ажилчид, бизнес эрхлэгчид зэргээр эрсдэлийн үнэлгээний түвшингээр шат дараатайгаар вакцинжуулахаар төлөвлөөд байна.