Хоёр дахь шатны дархлаажуулалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-04 12:43:39

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг өнгөрсөн сарын 27-ны өдрөөс эхлэн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй алба хаагчдыг вакцинжуулж эхэлсэн. Эхний ээлжийн вакцинжуулалтад 2300 гаруй иргэн хамрагдсан аж. Хоёр дахь удаагийн вакцин татан авалтыг Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Баттөмөр, УУХҮ-ийн сайд Г.Ёндонгийн дэмжлэгтэйгээр баасан гаргийн шөнө хүлээн авсан аж.

Бямба гарагт 3 суманд тус бүр 500 ширхгийг хүлээлгэн өгсөн бол үргэлжлүүлэн ААНБ, бизнесийн салбарын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог томоохон зах, худалдааны төвийн түрээслэгчдээс эхлэн  хоёр дахь шатны вакцинжуулалтын ажил эхэлсэн.

БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн вероселл вакциныг Дархан сумын 4 цэг, сумдын 3 цэгээр дамжуулан хийж байна. Цаашид газар тариалан эрхлэгчид, хүнсний түгээлт борлуулагчид, уул уурхайн ажилчид, банкны салбарууд, нийтийн тээвэр, такси үйлчилгээ эрхлэгчид, үсчин гоо сайхан зэрэг үйлчилгээний салбарын ажилтан албан хаагчид, архаг суурь өвчтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөөгийн сумдын иргэдийг бүрэн вакцинжуулалтад хамруулах ажээ.

Коронавирусний эсрэг дархлаажуулалтад өнөөдөр 1750 гаруй иргэн сайн дурын үндсэн дээр хамрагдсан байна. Аймгийн Онцгой комиссоос 2021-04-04-ний өдөр дархлаажуулалтад хамрагдахаар нэрс ирүүлсэн ААНБ-уудын ажилтан, албан хаагчдыг иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг сануулж байна. Мөн ААНБ-ууд дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй ажиллагсдынхаа нэрсийг аймгийн Онцгой комисст албажуулж ирүүлэхийг анхаарууллаа. Вакцинжуулалтын хуваарьтай холбоотой мэдээллийг 9992-1057, 9593-2350 дугаарын утаснаас лавлах боломжтой аж.

Холбоотой мэдээ