"Үндэсний бичиг бидний бахархал" тэмцээн боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-03 21:34:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оныг “Үндэсний өв-бичг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарлаж, аймгийн хэмжээнд үндэсний бичиг сурах,  бичиг соёлын өвийг уламжлан дэлгэрүүлэх ажил зохион байгуулж байна.

Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар "Үндэсний бичиг бидний бахархал" тэмцээнийг өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дэглэм баримтлан байгууллага бүр дээр зохион байгуулан нэгтгэн дүгнэжээ. Сумын Ерөнхий боловсролын сургуулийн Д.Батгэрэл ахлагчтай баг түрүүлж, "Нархан" цэцэрлэгийн Н.Удвал,  "Дархан" багийн Б.Баярмаа ахлагчтай баг удаах байрт шалгарлаа. "Үндэсний бичиг бидний бахархал" тэмцээнийг гэрийн болон багийн ахлагчийн даалгавар, цахим бичвэр, уншлага, бичвэр гэсэн төрлөөр явуулсан байна.

Сумын шилдэг түргэн уншигч шалгаруулж, үндэсний бичгийн анхан, дунд шатны хичээлд амжилттай хамрагдаж, байгууллага хамт олноо манлайлан суралцаж байгаа албан хаагчдад “Сургагч багш”-ийн батламж гардуулсан. Энэ тэмцээн нь үндэсний бичгийг төрийн албан хаагчид бүх нийтээрээ сурах ажлын жилийн эхний улирлын ахицын үнэлгээг шалгасан онцлогтой байлаа гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Өнөрбаяр ярилаа.

Холбоотой мэдээ