Газар тариалангийн хөрсийг элэгдлээс хамгаалах цогц бодлого хэрэгжүүлнэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-02 16:51:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар тариалангийн талбай хөрс элэгдэлд орсныг мэргэжлийн байгууллага дүгнэжээ. Тиймээс аймгийн “Газар тариалангийн тогтвортой хөгжил” хөтөлбөрт таримлын оновчтой сэлгээг нэвтрүүлэх, хөрсийг салхи, усны элэгдэл, эвдрэлээс хамгаалах, бордох агротехнологийг нутагшуулах, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ бүхий цогц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулахаар тусгаад байна.

- Цаг уурын өөрчлөлт болон технологийн буруу үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурч, ургац бүрдүүлдэг шим тэжээлийн бодисуудын агууламж багасч байна. Тухайлбал аймгийн хэмжээнд 57592 га тариалангийн талбайд шинжилгээ хийхэд, 97.3 хувь нь нитрат, 71.3 хувь нь фосфор, 78.5 хувь нь кали багатай гарсан. Хэрэв хөрсний шимт чанарыг нөхнө гэвэл 8392.3 тонн азот, 2635.3 тонн фосфор, 2677.6 тонн кали шаардлагатай гэсэн тооцоо бий. Байгаль цаг уурын өөрчлөлт ган, хуурайшилтаас шалтгаалан тариалангийн талбайн элэгдлийн хэмжээ нэмэгдэж, цөлжих процесс эрчимтэй явагдаж байгаа. Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн нийт тариалангийн талбайн 60,6 хувь хүчтэй элэгдэж, үржил шимийн дутагдалд орсон дүгнэлт гаргасан гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.

Тус аймаг ирэх дөрвөн жилд таримлын сэлгээн дэх ээлжийн тоог нэмэгдүүлж, дэвшилтэт технологиор бэлтгэх уриншийн хэмжээг 80 хувьд хүргэх, сум бүр тариалангийн талбайн 10-аас доошгүй хувийг хамгаалах бут сөөг тариалах, ойн зурвас, төгөл байгуулах, биологийн гаралтай бордоо, ургамал хамгааллын бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, био бордоо үйлдвэрлэх цехийг байгуулах, тариалангийн талбайд хөрсний агрохимийн шинжилгээг хийж, үржил шимийг сайжруулсан тариаланчдад хуулийн дагуу урамшуулал, хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ