"Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг цахимаар зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-31 15:19:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БОАЖГ-аас цахимаар зохион байгуулсан "Эх дэлхийн цаг” хөдөлгөөнд тус аймгийн 10 гаруй байгууллага нэгдэж, гуравдугаар сарын 27-нд 20.30-21.30-ийн хооронд нэг цагийн турш гэрлээ унтрааж, оролцжээ. 

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос эхлэн зохион байгуулж, манай улс 2010 оноос хойш жил бүр оролцож, энэхүү хөдөлгөөнд нэгдэж байгаа.

"Эх дэлхийн цаг” хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд ингэснээр хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм.

Хүн төрөлхтөн байгаль эх дэлхий маш чухал гэдгийг мэддэг хэдий ч байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх, төлжих хугацаанаас өмнө бохирдуулж, устгаж байдаг билээ.

Өмнөх жилүүдэд Дундговь аймгийн иргэд, байгууллагууд аймгийнхаа төв талбайд цуглаж, тэмдэглэдэг байсан ч цар тахлын улмаас энэ жил цахим орчинд уриалга гаргаж, мэдээллээ солилцон хөдөлгөөнд нэгдсэн аж. 

Тус хөдөлгөөнд нэгдсэн Цагдаагийн газар, ГХБХБГ, ШШГГ, ХХААГ, аймгийн ЗДТГ, Статистикийн хэлтэс, Сайнцагаан сумын Сум дундын ойн анги, Хүмүүнлэг сургууль, Мандал сургууль, Говийн-Ирээдүй цогцолбор сургууль, Баянжаргалан сумын хамт олонд БОАЖГ-аас талархснаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ