Коронавируст халдварын улмаас эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээ доголдоход хүрээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-03-30 18:49:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, ЭМЯ хамтран "Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё" цахим уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.


Цахим уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Н.Ганибал, Б.Жаргалмаа болон 21 аймаг, нийслэлийн бүх хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, төрийн бодлого шийдвэрт тусгуулах саналаа хэллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар цахим уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Коронавирусний халдварын цар хүрээ тэлж, нөхцөл байдал амаргүй болж байгаа. Цар тахлын голомтод нөхцөл байдал ямар байгаа, цаашид эрүүл мэндийн салбарын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд юу хийвэл зохих талаар эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үгийг сонсохоор энэхүү цахим уулзалтыг хийж байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн үнэ цэнэ өндөр. Яагаад гэвэл бүхэл бүтэн улсын ард иргэдийн эрүүл саруул аж амьдралын хувь заяа Та нарын гарт байдаг. Нэг үгээр хэлбэл улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, оршин байхуйн нэгэн утга учир нь эмч нартай холбоотой билээ. Тиймээс УИХ эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж, бодлогын болон эрх зүйн өөрчлөлтийн төсөл боловсруулж байна. Энэ шинэчлэл нэгдүгээрт, эмнэлгийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгож, санхүүжилтийн оновчтой тогтолцоонд шилжүүлэх,  хоёрдугаарт, эмч, эмнэлгийн ажилтнуудаа дэмжих, цалин хөлс, нийгмийн баталгааг нь сайжруулах, мэдлэг боловсролыг нь байнга дээшлүүлж, хөгжих боломжийг бүрдүүлэх зорилготой. Гуравдугаарт, эмнэлгийн менежментийг дэлхийн жишигт хүргэх, тоног төхөөрөмжийг шинэчлэн эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах гэсэн зорилгод чиглэж байгаа юм” хэмээв.


УИХ эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан буруу тогтолцоог өөрчлөх, шинэчлэлийг эхлүүлэх үүднээс өнгөрсөн оны наймдугаар сард Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд эрүүл мэндийн даатгалтай иргэн даатгалын сантай гэрээтэй аль ч эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг авах эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоо бүрдэж, улсын эмнэлгийн ачааллыг бууруулах боломж бүрдсэн.


Цаашид эрүүл мэндийн ажилтны ажлын цаг, ажлын нөхцөлийг олон улсын хүний эрхийн эрх зүй, хэм хэмжээнд нийцүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, цалин хөлс олгохдоо ажлын ачаалал, гэр бүл, үр хүүхдийн амьдралд нөлөөлөх нөлөөллийг харгалзах шаардлагатай байгааг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцоллоо.


Манай улсын эрүүл мэндийн салбарт 55 581 ажилтан ажиллаж байгаа бөгөөд таван ажилтан тутмын нэг нь эмэгтэй байна. Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах, цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгохоор “Алсын хараа-2050”, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрүүдэд тодорхой зорилтуудыг тусгажээ. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолоор эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч нарын цалингийн шатлалыг 2-3 дахин нэмсэн байна. Мөн 2019-2020 онд аймаг, нийслэлийн 548 эрүүл мэндийн ажилтанд орон сууцны дэмжлэг олгосон гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.


Цахим уулзалтад оролцогч цалин хөлс бага, ажлын ачаалал ихтэйгээс шалтгаалан алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт ажиллах хүний нөөцийг асуудал хүндрэлтэй байгааг онцолж байв. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэх, илүү цагийн цалин хөлсийг хугацаанд нь тогтмол олгох, хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны хөтөлбөрт хамруулах хэрэгцээ шаардлага тулгарч байгааг дурдаж байлаа Мөн эмч ажилтнуудыг чадваржуулах, мэргэшүүлэх сургалтад хамруулахад төрөөс нэгдсэн бодлогоор дэмжиж, төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг ч сануулав.


Коронавирусний халдвар гарсан цагаас эхлэн эмч нарын ачаалал тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Түүнчлэн халдвар хамгааллын хувцас хэрэглэл, эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмж, шинжилгээний урвалж, оношлуурын нөөц багасжээ. Энэ ачааллаас үүдэн эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээ ч доголдоход хүрээд байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. УИХ-аас баталсан хууль, эрх зүйн орчны хүрээнд гүйцэтгэлээрээ санхүүжих боломжтой болсон ч эрүүл мэндийн даатгалаас олгох мөнгө хугацаандаа орохгүй байгаагаас эмнэлгүүдэд санхүүгийн хүндрэл, өр төлбөр үүсгэх эрсдэл байгааг салбарын яам, холбогдох байгууллагууд анхаарах хэрэгтэй гэв.


Мөн цахим уулзалтын үед эмнэлгийн тоног төхөөрөмж, машин техник, барилга байгууламжийг шинэчлэх асуудал хөндөгдөж байлаа. Үүний сацуу өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд 2,3 дахь шатлалын эмнэлгүүдэд шилжин ажиллахад өрхийн эрүүл мэндийн төвд ажилласан жил нь тооцогддоггүй, аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд таван жилийн тэтгэмжийн мөнгө өгдөггүй байдлыг өөрчилж өгөхийг Байнгын хорооны гишүүдээс хүслээ. Сүүлийн үед эмч, эрүүл мэндийн ажилтнуудын нэр хүндэд халдах, гүтгэх, гутаан доромжлох асуудал ихсэж байгаа нь хангалттай хууль, эрх зүйн орчин бүрдээгүйд оршиж байгааг ч эмч, мэргэжилтнүүд хэлсэн юм.


Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө УИХ, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлснээр цахим уулзалт өндөрлөв.

Холбоотой мэдээ