"Синофарм" үйлдвэрийн вакцин тариулсан иргэдийн 13 хувьд хэвийн урвал илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-28 11:43:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын 40 цэгт 93 багийн 650 ажилтан 6257 хүнийг дархлаажуулжээ.


Ингэснээр нийслэлд нийт 267 301 хүнийг вакцинжуулалтад хамрагдаад байна. Түүнчлэн Өмнөговь, Төв, Орхон аймагт үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай байгууллагын 8761  иргэнийг вакцинжуулснаар, улсын хэмжээнд 276 068 иргэн “COVID-19”-ийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ.

 

Улаанбаатар хотод 50-иас дээш насны иргэдийн 41.1 хувийг дархлаажуулаад байна.

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын мэдээлснээр, вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийн тандалт судалгаагаар, БНХАУ-ын “Синофарм “үйлдвэрийн “Веросел” вакцин тариулсан иргэдийн 13 хувьд хэвийн буюу түгээмэл илэрдэг урвал илэрчээ. Тухайлбал, халуурах, бие бага зэрэг арзайх, тарьсан хэсэг газарт өвдөх зэрэг урвал илэрч байгаа аж. Харин өмнө нь “Астразенека” тариулсан иргэдийн дунд хийсэн тандалт судалгаагаар 51 хувьд урвал илэрч байжээ.

 

Дөрөвдүгээр сарын 10-наас хоёр дахь тунгийн дархлаажуулалт эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Веросел вакцин тариулсан иргэдийг дөрөвдүгээр сарын 10-наас, “Астразенека” тариулсан иргэдийг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн хоёр дахь тунд хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ