"Монголын зэвсэгт хүчин өнөө үе, ирээдүй" үзэсгэлэн Дүнжингарав худалдааны төвд гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-27 15:49:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан "Монгол улсын зэвсэгт хүчин өнөө үе, ирээдүй" сэдэвт бичил үзэсгэлэнг "Дүнжингарав" худалдааны төвд энэ сарын 29 хүртэл гаргана.


Үзэсгэлэнд, Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын макет, Зэвсэгт хүчний түүхэн замналыг харуулсан зурагт самбарыг байрлуулжээ.


Тодруулбал, 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх байлдаан 1947, 1948 онд өрнөсөн баруун хилийн тулалдаан зэрэг эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө хүчин зүтгэсэн үе үеийн эх орончдын гавьяа зүтгэл, 1960 оноос улсын бүтээн байгуулалтад Монгол ардын цэрэг оролцсон түүх, 1971 онд өрнөсөн хүйтэн дайны улмаас Монгол ардын армийг өргөтгөн зохион байгуулж, дивиз, бригад, хорооны  системд шилжүүлсэн, 1990 оны сүүлчээр Монгол улс энхийг сахиулах бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулснаар 2002 онд анхны энхийг сахиулагч нар үүргээ нэр төртэйгөөр биелүүлснээс хойш 19 мянган цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон зэрэг Зэвсэгт хүчний түүхэн замналыг товчоолон харуулсан юм. Өнөөдрийн  байдлаар өмнөд Судан улсад 10 дугаар ээлжийн 850 хүний бүрэлдэхүүнтэй мото буудлагын батальон үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байгааг ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр онцлов.   

 

Мөн орчин үеийн Зэвсэгт хүчин үндсэн үүргээсээ гадна аж ахуйн бүтээн байгуулалтад оролцсоор ирсэн. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штаб [ЗХЖШ]-ын 9 ангийн бие бүрэлдэхүүн Таван толгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалтад 2019 оноос эхлэн оролцож байна. Тус бүтээн байгуулалтад ЗХЖШ ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд 100 хувь монгол хүмүүсийн гараар бүтсэнийг Барилга инженер цэргийн удирдах газрын блок үйлдвэрлэлтийн хэлтсийн гүүр хоолойн инженер, дэслэгч Г.Эрдэнэдалай онцлов.

Тэрээр, "Үер усны 96 гүүр хоолой, 27 төмөр бетон гүүрэн гарц,  2 өртөө, 6 зөрлөгийн барилгуудыг барьж, хүлээлгэн өгөөд байна. Өртөөний байгууламж нь 120 айлын 3 орон сууц, удирдлагын байр, зөрлөгийн байгууламж нь 13 айлын орон сууц, нэг удирдлагын байртай" хэмээв.

Гүүрэн байгууламжийн нийт урт нь 2.447 метрийн урттай бөгөөд мал, ан амьтад гарахад зориулагджээ.                                                                                                                                                                                                 Б.Мандуул


Холбоотой мэдээ