Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг үйлдвэрлэхэд бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-03-26 23:15:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК өнөөдөр хуралдаж, коронавирусний халдвар илэрсэн хэд хэдэн аймагт энэ сарын 28-наас хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар олон нийтэд танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээх ажил ямар шатандаа явна вэ?


-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур бэлэн болсон. Эм зүйн шатаа давсан. Өчигдөр зөвшөөрлийн шатаа давж, гарын үсэг зуруулсан. Одоо үйлдвэрлэхэд асуудалгүй. АШУҮИС-ийн лаборатори нь бэлэн болсон. Ирэх долоо хоногоос танилцуулж, нээлтийг нь хийх байх.


-Коронавирусээр халдварласан иргэнийг эмчлэхэд хэдэн төгрөг зарцуулах вэ?


-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Энэ оны нэгдүгээр сарын 29-нд болсон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаас коронавирусний эмчилгээний зардлыг 4.3 сая төгрөг гэж баталсан. өвчлөлийн байдал хөнгөн, хүнд, хүндэвтэр, маш хүнд гэх мэт харилцан адилгүй байдаг. Энэ бүхнийг дундажлан бодож, зардлыг гаргасан. Үүнд шинжилгээ, хамгаалах хувцас хэрэглэл, эм тариа зэрэг бүх зардлыг тооцдог. Одоо хөнгөн хүнд хэдэн төгрөг, хүнд хүнд хэдэн төгрөг байх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, судалгаа хийж байгаа.


-Орон нутагт байгаа халдвартай иргэнийг суманд нь эмчлэх боломжтой юу?


-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Бид орон нутгийн хүний нөөцөө чадавхжуулж, бэлэн байдлыг хангаж байгаа. Саяхан Завхан аймгийн Шилүүстэй суманд халдвартай байсан дөрвөн хүнийг эмчилсэн. Энэ суманд ХӨСҮТ-ийн баг очиж, зааварчилгаа өгсөн. Цаашдаа бүх аймаг, сумын эмнэлгийг чадавхжуулна.


-Замын-Үүдээс Эрээн рүү гарахаар олон автомашин дугаарлаж байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?


-Шадар сайд С.Амарсайхан: Замын-Үүдийн асуудлаар ЗТХ-ийн сайд, хил гаалийн холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд асуудлуудыг шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ